Бурханы сайхан сэтгэлийг магтав

36 1 Тэгээд Елиху үргэлжлүүлж хэлэв.

2 Намайг жаахан хүлээгээч,
Бурханы төлөөх үгс надад их буйг харуулъя.
3 Би мэдлэгээ гүнзгий холоос авч,
Бүтээгчээ зөвт гэдгийг нь харуулъя.
4 Үнэхээр миний үгс худал биш юм.
Мэдлэгээр төгс нэгэн өмнө чинь байна аа.

5 Хар, хүчирхэг Бурхан хүнийг жигшдэггүй
Хэмжээлшгүй хүчтэй, бас аугаа.
6 Тэрээр гэм буруутнуудыг амьд үлдээдэггүй
Харин зовж зүдрэгсдэд шударга шийдвэрийг өгдөг.
7 Тэрээр зөвт нэгнээс мэлмийгээ салгадаггүй.
Харин тэднийг сэнтий дэх хаадтай цуг
Үүрд дээш залдаг, өргөмжилдөг билээ.
8 Хэрэв тэд гинжлэгдэж, зовлонгийн урхинд баригдсан бол
9 Ихэрхүү загнасан үйлсийг нь, гэмт үйлдлийг нь
Тэрээр тэдэнд мэдүүлж өгдөг.
10 Тэдний чихийг сургамжаар нээж,
Тэднийг хилэнц нүглээс эргэхийг тушаадаг.
11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэл
Өдөр хоногуудаа амжилт цэцэглэлд,
Он жилүүдээ дэвшил дунд өнгөрөөдөг.
12 Харин тэд сонсохгүй аваас
Илдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхдэг.

13 Бурхангүй хүмүүс уур уцаар хураадаг.
Тэрээр тэднийг хүлэх үед
Тэд тусламж эрэн хашхирдаггүй.
14 Идэр залуугаараа тэд үхэж,
Шүтээний янхнуудын дунд амьдрал нь төгсдөг.
15 Харин зовж зүдрэгсдийг
Зовлон зүдүүрээр нь Тэр аварч,
Дарлал дор чихийг нь нээдэг.
16 Зовлон шаналлын амнаас Тэр таныг гаргаж,
Гачлан зовлонгүй уудам газарт гаргана
Ширээн дээр чинь шимтэйг тавина.

17 Гэтэл өдгөө буруутны хэрэг танаар дүүрч
Шүүлт ба шударга ёс таныг барьж авсан байна.
18 Уур хилэн чинь жигшүүр лүү уруу татах вий.
Тэгвэл агуу төлөөс ч таныг эргүүлж чадахгүй.
19 Баялгууд чинь эсвэл бүх хүч чадал чинь
Таныг зовлон шаналлаас хамгаалж чадах уу?
20 Байгаа газраа хүмүүс таслагддаг шөнийг бүү хүс.
21 Болгоомжтой бай, ёс бус руу бүү эргэ.
Учир нь та зовлон зүдүүрээс илүүгээр
Гэмгүй байхыг эрхэмлэсэн билээ.
22 Харагтун, Бурхан хүч дотроо өргөмжлөгджээ.
Харин Түүн шиг багш хэн бэ?
23 Хэн Түүнд замыг нь тогтоон өгч,
Хэн Түүнд “Та буруу хийж байна?” гэж хэлж чадах вэ?

Бурханы гайхамшгийг Елиху тунхаглав

24 Түүний ажлыг та өргөх учиртайгаа сана.
Тэр тухай хүмүүс магтан дуулдаг билээ.
25 Бүх хүн үүнийг харсан бөгөөд
Бүгд үүнийг алсаас үздэг.a
26 Хар, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид ойлгохгүй.
Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
27 Учир нь Тэрээр усны дуслуудыг дээш дэгдээж,
Манан будангаас бороог бий болгодог.
28 Үүнийг үүлс доош асган
Үлэмж арвинаар хүмүүн дээр буулгадаг.
29 Үүлсийн тархахыг хийгээд
Түүний асрын нижигнэх дууг
Үнэндээ хэн ойлгож чадах вэ?
30 Тэрээр эргэн тойрондоо аянгаа цацрааж,
Тэнгисийн ёроолыг ч бүрхдэг.
31 Тэрээр эдгээрээрээ хүмүүсийг шүүдэг.b
Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.
32 Мутартаа Тэрээр аянгыг атгаад
Хаана буулгахаа тушаадаг.
33 Түрхрээн нь Түүнийг тунхагладаг юм
Мал сүрэг ч юу болж буйг мэдэрдэг юм.


  • a36:25 эсвэл үүнийг бүгдийг нь хэн ч ухааршгүй.
  • b36:31 ЭЗО: хангадаг