Иов: Зовлон минь дуусашгүй

7 1 Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж,
Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?
2 Сүүдрийг хүсэмжлэх боол мэт
Хөлсөө хүлээдэг хөлсний хүн мэт
3 Тиймээс хуурмаг хоосон сарууд надад ногдож,
Зовлонт шөнүүд надад ногджээ.
4 “Хэзээ сэрж босох бол?” гэж
Хэвтэхдээ би бодовч
Урт шөнийн туршид
Үүр цайтал би эргэж хөрвөнө.
5 Бие махбод минь өт ба тоосоор хучигдаад
Арьс минь эвэршиж хагарнам.
6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч,
Найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

7 Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач.
Нүд минь дахин сайныг үзэхгүй.
8 Намайг харсан нүдэнд би өртөхгүй.
Над дээр Та хараагаа тогтооход
Би нэгэнт одно.
9 Замхран оддог үүл адил
Үхэгсдийн орон руу явагсад тэндээсээ гардаггүй.
10 Тэд гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд
Тэдний оромж нь ч тэднийг мэдэхгүй болно.

11 Иймээс би амаа хамхихгүй.
Сүнснийхээ шаналалд би ярьж,
Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
12 Танаар мануулдаг тэнгис, тэнгисийн лууa юм уу, би?
13 Хэрэв би
“Ор минь намайг тайвшруулна,
Хэвтэр минь миний гомдлыг тайлна” гэсэн ч
14 Зүүдүүдээр Та намайг мохоож,
Үзэгдлүүдээр Та намайг сүрдүүлдэг.
15 Ингэж яс болсноос
Боомилж үхэх нь надад дээр юм.
16 Би өнгөрөн одож байна.
Би мөнх амьдрахгүй.
Миний өдрүүд амьсгал учир
Ганцааранг минь орхиоч.
17 Хүн гэгч нь юу болоод
Та тэдэнд ихийг хийж
Та тэдэнд санаа тавина вэ?*
18 Та өглөө бүр юунд түүнийг шалгаж,
Агшин бүрд түүнийг сорино вэ?
19 Хоромхон зуур надаас Та
Харцаа салгахгүй юм уу?
Шүлсээ залгих төдийхөнд
Ганцааранг минь орхихгүй юм уу?
20 Хэрэв би нүгэл үйлдсэн бол
Юуг Танд би үйлдэв, хүмүүний Харгалзагч аа!
Юунд Та намайг Өөрийнхөө бай болгоо вэ?
Яагаад би Танд дарамт болоо вэ?
21 Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж,
Хилэнцийг минь эс зайлуулна вэ?
Одоо би шороонд хэвтэх болно.
Та намайг хайвч би байхгүй байна.


  • a7:12 тэнгисийн луу: Ийм амьтдыг хохирол учруулуузай хэмээн манаж байдаг гэж эртний нэгэн үлгэрт гардаг.
  • 7:17 Дуу 8:4, 144:3