Иовын хариу: Гэмтнүүд шийтгэлгүй үлдэх юм

21 1 Тэгэхэд Иов хариу хэлэв.

2 Хэлэх үгийг минь анхааралтай сонс,
Энэ нь та нарын тайвшрал болог!
3 Тэвч намайг, би ярья,
Тэгээд ярьсны минь дараа тохуурхацгаа.
4 Мөхөх хүмүүст би гомдоллоо юу?
Мөн би тэвчээр алдаж болохгүй юу?
5 Намайг хар, тэгээд цочирд,
Гараараа амаа тагла!
6 Бодох бүрдээ би айдас хүйдэст автаж,
Бие минь салганана.
7 Яагаад гэм буруутнууд амьдарсаар,
Өндөр наслан эрх мэдэл нь нэмэгдэж байна вэ?
8 Үр удам нь бараа сүрд нь батжиж
Үр хүүхдүүд нь нүднийх нь өмнө байцгаана.
9 Гэр орон нь айдсаас ангид,
Бурханы саваа ч тэдний дээр алга.
10 Бух нь зогсолтгүй хээлтүүлж,
Үнээ мал нь ч зулбалгүй тугаллана.
11 Тэд бяцхан үрсээ сүрэг мэт гадагш гаргана,
Тэдний үр хүүхдүүд нь үсрэн цовхчино.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,
Лимбэний эгшигт цэнгэн баярлана.
13 Тэд өдрүүдээ элбэг дэлбэг өнгөрүүлээд
Амар тайвнаар Үхэгсдийн орон руу оддог.
14 Тэд Бурханд “Биднээс холд!
Таны замыг мэдэх хүсэл бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод
Түүнд бид үйлчлэх ёстой билээ?
Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.
16 Харагтун, дэвжил бадрал нь тэдний амжилт бус уу?
Тэгсэн ч гэм буруутнуудын төлөвлөгөө
Миний хувьд жигшүүртэй!

17 Гэм буруутны дэнлүү унтрах нь хэр олон бэ?
Гай зовлон нь тэдний дээр хэр олон унадаг вэ?
Бурхан уурандаа зовлон зүдүүрийг хэр олон өгдөг вэ?
18 Тэд салхины өмнөх сүрэл мэт,
Шуурганд хийсэж арилдаг тарианы хальс мэт болох нь хэр олон бэ?
19 “Бурхан хүмүүний хилэнц нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг” гэдэг.
Өөрт нь харин мэдүүлэх болтугай,
Үүнийг Бурхан түүнд амсуулах болтугай!
20 Тэрээр өөрийнхөө ялзралыг нүдээр үзэж,
Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс уух болтугай!
21 Учир нь түүний саруудын тоо гүйцэхэд
Өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
22 Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад
Хэн Түүнд билэг ухааныг зааж чадах вэ?
23 Зарим нь бүрэн тэнхээтэй,
Хамаг юм нь амгалан байхдаа өөд болдог.
24 Түүний гуя нь өөхтэй, яс нь чөмөгтэй хэвээр байдаг.
25 Өөр нэг нь сайныг огт амсалгүй, сэтгэлийн гашуундаа үхдэг.
26 Тэд адилхан шороон дотор хамт хэвтэж,
Тэднийг өт шавна.

27 Хар, би та нарын санаа бодлыг
Намайг буруутгах гэсэн явуулгыг чинь мэдэж байна.
28 Та нар “Сурвалжит хүний гэр орон хаа байна вэ?
Гэм буруутны амьдрах майхан хаана байна вэ?” гэдэг.
29 Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу?
Та нар тэдний гэрчлэлийг хүлээн аваагүй юу?
30 Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч,
Хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг бус уу?
31 Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж,
Хэн үйлдсэн зүйлийг нь түүнтэй тооцох вэ?
32 Түүнийг булшинд хүргэгдэх үед нь ч
Бунхан дээр нь харуул байх болно.
33 Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө.
Түүний араас бүх хүн дагах агаад,
Урд нь бас тоолшгүй олон хүн алхална.
34 Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн тайтгаруулах вэ?
Тиймээс хариултад чинь худал хуурмагаас өөр үлдэх юм алга.