Иовыг Елиху зэмлэв
33 1 Ямар ч байсан, Иов оо,
Яриаг минь сонсож, бүх үгийг минь чагнаач.
2 Харагтун, би одоо ам нээе,
Хэл амаараа хэлж өгье.
3 Зүрхний минь шулуун шударгыг
Миний үгс тунхаглана,
Чин үнэнээр хэрхэн ярихыг
Уруул минь мэддэг юм.
4 Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд
Надад Төгс Хүчит Нэгэний амьсгал л амь өгсөн.
5 Чаддаг юм бол надад хариул.
Миний өмнө өөрийгөө бэлдээд зогс.
6 Үзэгтүн, Бурханы өмнө би тантай адил
Бас л адилхан шаврын өөдөснөөс бүтээгдсэн.
7 Үзэгтүн, надаас айх хэрэггүй,
Үнэндээ би таныг эс дарна.
8 Үнэхээр чихэн дээр минь ярьсан
Үгсийг чинь би сонссон билээ.
9 “Би цэвэр, гэмт үйлдэлгүй,
Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.
10 Харагтун, Тэр л миний эсрэг далим олж,
Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.
11 Хөлийг минь Тэрээр хэвд оруулж,
Хамаг харгуйг минь харуулддаг”* гэж та хэллээ.
12 Үзэгтүн, гэвч таны зөв биш ээ.
Үнэхээр би танд хариулъя.
Учир нь хүмүүнээс Бурхан аугаа билээ.
13 Юм бүхэнд минь хариулдаггүй гэж
Юунд та Түүний эсрэг гомдоллоно вэ?
14 Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч
Хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15 Хүмүүсийг гүн нойр хучин,
Хэвтэр дээрээ дугхийх зуур
Зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,*
16 Хүний чихийг тэгэхэд л Тэрээр нээж,
Хатуу анхааруулж айлгадаг нь
17 Саар явдлаас нь хүнийг эргүүлж,
Сайрхал бардамналыг нь үгүй хийхийн тулд билээ.
18 Ийнхүү Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс аварч,
Тэдний амийг Үхэгсдийн орноос гэтэлгэдэг.
19 Өвчин шаналлаар тэд орондоо хэвтэж
Үргэлжийн тэмцэлдээнд яс нь янгинан шийтгэгддэг.
20 Ингэснээр амь нь талхыг
Дуршил хүсэл нь хоолыг жигшдэг.
21 Тэгэхэд бие махбод хатан хорчийж, үзэгдэхгүй болж,
Харагддаггүй байсан яс нь ил гарч ирдэг.
22 Ийнхүү тэрээр нүхэндээ,
Амь нь үхэл учруулагсдад ойртдог ажээ.
23 Хэрэв тэр хүнийг зөвт болохыг нь бидэнд тунхаглах,
Түүний төлөө зуучлагч сахиулсан мянгын дунд нэг байгаад
24 Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,
“Түүнийг нүхэнд унахаас авар.
Төлөөсийг нь би олов” гэвэл
25 Махбод нь идэр үеийнх шигээ сэргэж
Залуугийнхаа өдрүүдэд байсан хүч нь эргэж ирнэ.
26 Тэгээд тэрээр Бурханд залбирахад
Түүнийг Бурхан хүлээн авна.
Нүүр лүү нь тэрээр баяртайгаар харна.
Бурхан ч зөвт байдлыг нь сэргээж өгнө.
27 Тэгээд тэрээр хүмүүсийн өмнө дуулж,
“Нүгэл хийж, би зөвийг гажуудуулсан боловч
Надад Тэрээр хийсний минь дагуу хандаагүй
28 Нүхэнд унаж үхэх амийг минь Тэр зольж
Амьдралд минь гэрэл үзүүлэв” гэх болно.
29 Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд гурвантаа үйлддэг нь
30 Амийг нь булшны нүхнээс буцаан авчрахын тулд агаад
Амийн гэрлийг түүнд үзүүлэхийн тулд болой.
31 Иов оо! Намайг анхааран сонс.
Дуугүй байж, намайг яриул.
32 Хэлэх зүйл байвал надад хариул.
Таныг зөвтгөхийг би хүсэж байгаа тул
Та хэлэх зүйл байвал хэл.
33 Хэрэв байхгүй бол дуугүй намайг сонс.
Мэргэн ухааныг танд би сургая.
- 33:11 Иов 13:27
- 33:15 Иов 4:13