Елифазын үг: Иовын нүгэл үлэмж их
(22:1—27:23)
22 1 Дараа нь теман хүн Елифаз хариулав.
2 Хүн гэдэг Бурханд нэмэр болж чадах уу?
Хамгийн цэцэн нь ч Түүнд үйлчилж чадах уу?*
3 Чи зөвийг үйлдлээ гэхэд
Түүнд ямар ашиг болох вэ?
Чи замаа төгс болголоо гээд
Түүнд ямар нэмэр болох вэ?
4 Чамайг зэмлэдэг нь чиний төлөө бус уу?
Чиний эсрэг шүүлт явуулахын тулд гэж үү?
5 Хар санаа чинь үлэмж их,
Хилэнц чинь төгсөшгүй бус уу?
6 Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,
Нүцгэний хүний хувцсыг хуу татаж авсан байх
7 Ядарсан хүнд чи уух ус өгөөгүй,
Өлссөн хүнээс үмх талх харамласан байх.
8 Газар дэлхий чадалтай хүнд харьяалагддаг,
Алдар хүндтэй хүн энд оршин суудаг.
9 Өөрөө чи бэлэвснүүдийг хоосон буцаасан,
Өнчин хүүхдүүдийн гарыг няцаасан байх.
10 Тиймээс урхи чамайг хүрээлж,
Гэнэтийн айдас чамайг түгшээж
11 Харж ч болохгүй харанхуй хийгээд
Үерийн ус чамайг нөмөрчээ.
12 Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа бус уу?
Алсын оддыг хар,
Тэд ямар өндөрт байна вэ!
13 Чи “Бурхан юу мэддэг билээ?
Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14 Үүлс Түүний нуугдах газар тул
Тэрээр харж чаддаггүй.
Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэх юм.
15 Нүгэл хилэнцэт хүмүүсийн явж өнгөрсөн
Эртний жимийг чи дагах нь уу?
16 Тэд цагаасаа өмнө авагдаж,
Тэдний үндэс нь ус голоор угаагдаж устсан.
17 Тэд Бурханд “Биднээс холд!”
“Төгс Хүчит Нэгэн юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг байсан.
18 Гэсэн хэдий ч Тэр тэдний гэр орныг сайнаар дүүргэж байсан юм.
Тиймээс гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!
19 Зөв шударга хүмүүс хараад, баярладаг бөгөөд
Гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20 “Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,
Тэдний үлдэгсдийг гал залгив” гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгаач.
Тэгвэл чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас зааврыг хүлээн авч,
Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23 Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн рүү aэргэвэл,
Чи дахин сэргэнэ,
Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,
24 Алтыг шороонд булж,
Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас
25 Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26 Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,
Нүүрээ Бурхан өөд өргөх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөд
Тэр чамайг сонсох болно.
Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
28 Тунхаглаж ярьсан зүйл чинь
Чиний төлөө бүтэмжтэй байж,
Зам дээр чинь гэрэл гийх болно.
29 Хүмүүс дорд болгогдох үед
Бардамналаас болсныг нь чи хэл.b
Тэрээр даруу хүнийг авардаг юм.
30 Тэрээр гэмтэй хүнийг ч аварч болно,
Тиймээс гарын чинь цэврээр тэр аврагдана.c
- 22:2–3 Иов 35:6–8
- a22:23 ЭЗО: даруугаар эргэвэл
- b22:29 эсвэл Бурхан бардмыг сүйрүүлнэ.
- c22:30 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.