Тайвшралын төлөөх залбирал

17 1 Сүнс минь бачимдаж, өдрүүд минь гүйцэж,
Булш л надад хэдийн бэлтгэгджээ.
2 Эргэн тойронд минь дүүрэн тохуурхал,
Нүд минь тэдний дайсагнал дээр бэлчинэ.

3 Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач.
Миний батлан даагч болох хэн байна вэ?
4 Та тэдний зүрх сэтгэлийг
Ухаарлаас нуусан учраас
Та тэднийг өргөхгүй.
5 Олзны төлөө нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн
Үр хүүхдүүдийн нүд сульдах болно.a

6 Гэвч Тэр намайг хүмүүсийн ёгт үг болгосон бөгөөд
Нүүр өөдөө нулимуулагч нь би болов.
7 Уй гашуугаас болж нүд минь ч улам бүүдийж,
Бүх мөч минь сүг сүүдэр шиг болов.
8 Зөв шударга хүмүүс үүнийг хараад цочирдож,
Гэмгүй нэг нь Бурхангүй хүмүүст бухимдана.
9 Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж,
Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
10 Харин та нар дахин заавал ирээрэй,
Мэргэн нэгнийг та нарын дундаас би үл олно.
11 Миний хоногууд өнгөрөн одож,
Миний санаанууд, бүр зүрхний минь хүслүүд ч тасран үгүй болов.
12 Энэ хүмүүс шөнийг өдөр гэж байна
Харанхуй дунд атлаа гэрэл ойртлоо гэж байна
13 Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал,
Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
14 Нүхийг “Эцэгээ”
Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
15 Найдвар минь тэгээд хаана байх вэ?
Найдварыг минь хүн олж харах уу?
16 Энэ нь Үхэгсдийн орон руу доош унах уу?
Эцэстээ надтай хамт шороо тоос болох уу?b


  • a17:5 ЭЗО: Мөнгөний төлөө нөхрөөсөө урвагчийн үр хүүхэд өлсгөлөн явна гэж хуучны үг хэлдэг.
  • b17:16 ЭЗО: Найдвар надад үлдэхгүй