Бурханы шударгыг Елиху тунхаглав

34 1 Тэгээд Елиху үргэлжлүүлж хэлэв.

2 Мэргэд ээ, миний үгсийг сонс.
Мэддэг хэмээгчид ээ, намайг чагна.
3 Хоолыг тагнай амталдаг шиг үгийг чих шалгадаг юм.
4 Шийдвэрлэхээр өөрсдөдөө сонгоцгооё.
Юу нь сайн гэдгийг дундаа мэдэцгээе.
5 Иов хэлэхдээ,
“Би зөвт, харин Бурхан надаас шударга шүүлтийг зайлуулсан.
6 Шударга зөвийнхөө тухайд би худлаа хэлээ юү?
Би гэм хийгээгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.
7 Хэн Иов шиг вэ?
Тохуурхлыг ус адил уудаг агаад
8 Ёс бусыг үйлдэгчидтэй ханьсаж,
Буруу муу хүмүүстэй нийлэх нь үү?
9 Учир нь тэрээр
“Бурханд таалагдлаа гээд хүнд ямар ч ашиггүй” гэлээ.

10 Тиймээс ухаалаг хүмүүс ээ, намайг сонс.
Хорон мууг үйлдэх нь Бурханаас,
Буруу мууг үйлдэх нь
Төгс Хүчит Нэгэнээс хол байдаг.
11 Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж
Зам мөрийнх нь дагуу олгодог юм.*
12 Үнэндээ, Бурхан хорон мууг үйлдэхгүй
Төгс Хүчит Нэгэн ч шударга шүүлтийг гуйвуулахгүй.
13 Дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн бэ?
Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?
14 Тэрээр зүрхээ хүн дээр тогтоох аваас
Түүний сүнсийг мөн амьсгалыг нь ч
Тэрээр Өөртөө хурааж авдаг.
15 Тэгэхэд махбод бүхэн үхэж,
Эргээд шороо болдог.

16 Ухаан байвал үүнийг сонс.
Үг дуунд минь чих тавь.
17 Шударга шүүлтийг үзэн ядагч нь захирах уу?
Зөвт, хүчит Нэгэнийг та буруутгах нь уу?
18 Хааныг Тэрээр “Үл бүтэх этгээд ээ”,
Ноёдыг Тэрээр “Гэмтнүүд ээ” гэдэг юм.
19 Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй,
Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй.
Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.
20 Хормын дотор тэд үхэцгээж,
Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгдэн, өнгөрдөг бөгөөд
Хүчтэнүүд ч хүний гараар аврагддаггүй юм.

21 Түүний мэлмий хүний замууд дээр тогтож,
Тэрээр бүхий л алхмыг нь харж байдаг.
22 Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор
Харанхуй, үхлийн харанхуй гэж үгүй.
23 Бурханы өмнө, хүнийг шүүхэд аваачихдаа
Тэрээр хэнд ч цаг хугацаагa товлодоггүй юм.
24 Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр няцалж,
Тэдний оронд өөр бусдыг тавьдаг.
25 Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд
Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.
26 Тэднийг гэм буруугийнх нь газарт
Бусдын нүдэн дээр Тэрээр устгадаг нь
27 Түүнийг тэд дагахаас эргэж,
Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28 Тэднээс болж ядуус Түүн рүү хашхирч,
Тэрээр зүдэрсэн хүмүүсийн орилооныг сонссон юм.
29 Хэрэв Тэрээр дуугүй байх аваас
Хэн Түүнийг буруушааж чадах вэ?
Хэрэв Тэр нүүрээ нуух аваас
Хэн Түүнийг харах вэ?
Хүн ч бай үндэстэн ч бай,
30 Бурхангүй хүмүүсийг эс ноёрхуулахын тулд,
Бас хотол түмнийг урхинд оруулахгүйн тулд
Тэр хавхнаас хамгаалдаг юм.

31 Бурханд хандан хэн нэг нь
“Би шийтгэл үүрсэн, дахиж гэм хийхгүй.
32 Олж харахгүй байгаа юмыг минь
Надад зааж өгөөч,
Хэрэв би гэм бурууг үйлдсэн байх аваас
Харин дахин үйлдэхгүй” гэж хэлж байсан уу?
33 Та татгалзсан учраас
Тэр тохируулан хариулах ёстой юу?
Учир нь би биш, та сонгох ёстой.
Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34 Ухаант хүмүүс надад хэлэх биз,
Өөрийг минь сонсож буй мэргэн хүмүүс ч хэлнэ.
35 “Иовын ярианд мэдлэг алга.
Иовын үгсэд ухаарал алга.
36 Хорон муу хүн мэт хариулсан тул
Иов эцэстээ тултал соригдог.
37 Учир нь нүгэл дээр нь тэрслэл нэмэгдэв.
Бидний дунд тэрээр алгаа ташин,
Бурханы эсрэг үгсээ олшруулсаар байна” гэх болно.


  • 34:11 Дуу 62:12
  • a34:23 эсвэл хараахан товлоогүй