11 Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав.
Баптисч Иоханы зарлага элч нар
(Лк 7:18–35)
2 Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, 3 Түүнээс
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. 4 Есүс хариуд нь тэдэнд
—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. 5 Хараагүй нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж,а сонсголгүй нь сонсож, үхэгсэд амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.* 6 Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй еэ! гэв. Баптисч Иоханыг Есүс сайшаав 7 Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
—Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 8 Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. 9 Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 10 Түүний тухай “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ.Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ” гэж бичигдсэн юм.* 11 Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ. 12 Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автжээ. Хүчирхийлэгч хүмүүс үүнийг хүчээр авч байна. 13 Эш үзүүлэгчид ба Хууль бүгдээрээ Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа.* 14 Та нар хүлээн авахыг хүсвэл тэрээр ирэх ёстой Елиа* мөн. 15 Сонсох чихтэй нь сонсогтун. 16 Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан 17 “Бид та нарт зориулж лимбэдэхэдта нар бүжиглэсэнгүй.Бид гашуудлын дуу дуулахадта нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. 18 Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 19 Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан үйлсээрээ зөвтгөгддөг гэв.
Гэмшээгүй хотууд золгүй еэ
(Лк 10:13–15)
20 Тэгээд Тэр ихэнх гайхамшгаа үйлдсэн хотуудаа зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.
— 21 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.* 22 Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. 23 Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.* 24 Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом нутаг чамаас илүү хүлцмээр байх болно* гэлээ.
Эцэгтээ Есүс талархав
(Лк 10:21–22)
25 Тэгээд Есүс цааш нь хэлэхдээ
—Тэнгэр газрын Эзэн, Эцэг Тандаа талархъя. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүдэд Та илчилжээ. 26 Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны таалал билээ. 27 Надад өгөгдсөн бүхэн Эцэгээс байдаг агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй.* 28 Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. 29 Би зүрх сэтгэлдээ дөлгөөн бөгөөд даруу тул буулгыг минь өөрсөд дээрээ авч Надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно.* 30 Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.
- а11:5 цэвэршиж: 8:2 үз.
- 11:5 Иса 35:5–6, 61:1
- 11:10 Мал 3:1
- 11:12–13 Лк 16:16
- 11:14 Мал 4:5; Мт 17:10–13; Мк 9:11–13
- 11:21 Иса 23:1–18; Езк 26:1—28:26; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:2–4
- 11:23 Иса 14:13–15; Эх 19:24–28
- 11:24 Мт 10:15; Лк 10:12
- 11:27 Иох 3:35, 1:18, 10:15
- 11:29 Иер 6:16