Баптисч Иоханы үхэл
(Мк 6:14–29; Лк 9:7–9)

14 Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсоод, 2 зарц нартаа
—Энэ баптисч Иохан мөн. Тэр үхэгсдээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. 3 Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.* 4 Яагаад гэвэл Иохан, Херодод
—Херодиаг та авах нь хууль бус юм гэж хэлсэн ажээ.* 5 Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айжээ. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв. 6 Херодын төрсөн өдөр болоход Херодиагийн охин олны өмнө бүжиглэж Херодод таашаагджээ. 7 Тиймээс Херод түүнд юу гуйсныг нь өгнө хэмээн андгайлан амлав. 8 Охин, эхийнхээ ятгалгаар
—Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ. 9 Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаалаа. 10 Ингээд тэр хүн илгээж, шоронд Иоханы толгойг авчээ. 11 Толгойг нь царан дээр тавиад охинд авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачиж өгөв. 12 Ингээд Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.

Таван мянган эрийг хооллов
(Мк 6:30–44; Лк 9:10–17; Иох 6:1–14)

13 Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар луу ганцаараа явжээ. Хурсан олон үүнийг дуулаад хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа. 14 Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэй хүмүүсийг нь эдгээв. 15 Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж
—Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв. 16 Харин Есүс тэдэнд
—Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд 17 тэд Түүнд
—Бидэнд таван талх, хоёрхон загаснаас өөр юм алга гэлээ. Есүс
18 Нааш нь аваад ир гэж хэлэв. 19 Тэрээр хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. 20 Ингээд бүгд идэж, цадсан байлаа. Тэд үлдсэнийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. 21 Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.

Усан дээгүүр алхав
(Мк 6:45–52; Иох 6:15–21)

22 Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулган, нөгөө эрэг рүү түрүүлж явуулав. 23 Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. 24 Харин завь хэдийн эргээс олон бээр холджээ. Салхи өөдөөс нь үлээж байсан тул тэд давлагаанд түрэгдэж байлаа. 25 Шөнийн дөрөвдүгээрa манааны үед Тэрээр тэднийг зүглэн нууран дээгүүр алхаж очлоо. 26 Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч
—Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав. 27 Харин тэр даруй Есүс тэдэнд хандан
—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. 28 Петр Түүнд
—Эзэн минь, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд 29 Тэр
—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс рүү явлаа. 30 Гэвч Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд
—Эзэн минь, намайг авраач гэж орилоход нь 31 Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч
—Өчүүхэн итгэлт минь ээ, чи юунд эргэлзэв? гэв. 32 Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. 33 Завин дээр байгсад Түүнд мөргөж
—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.

Геннесаретад өвчтөнийг эдгээв
(Мк 6:53–56)

34 Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрчээ. 35 Тэр нутгийн эрчүүд Түүнийг таниад, хавь орчныхоо бүх газарт үг илгээж, өвчтэй болгоныг Түүн дээр авчирлаа. 36 Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэж байлаа.


  • 14:3–4 Лк 3:19–20
  • 14:4 Лев 18:16, 20:21
  • a14:25 03:00–06:00 цаг.