Ахмадын заншил
(Мк 7:1–13)
15 Тэгтэл Йерусалимаас фарисайчууд ба хуулийн багш нар Есүс дээр ирж
— 2 Таны шавь нар яагаад ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд 3 Тэр хариуд нь тэдэнд
—Та нар яагаад ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалыг зөрчинө вэ? 4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.* 5 Гэтэл та нар “Хэн эцэгтээ эсвэл эхдээ «Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн» гэж хэлнэ, 6 тэр нь эцгээ эсвэл эхээa хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хөсөрдүүлсэн. 7 Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ
8 “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг.*
Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг.
9 Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж,
Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.
Бузарладаг зүйлс
(Мк 7:14–23)
10 Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд
—Сонс бас ухаар. 11 Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд 12 шавь нар нь ойртож очоод, Түүнд
—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд дургүйцсэнийг Та мэдэв үү? гэжээ. 13 Харин Есүс хариуд нь
—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана. 14 Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно* гэхэд 15 Петр Түүнд
—Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаач гэв. 16 Тэрээр
—Та нар ч бас ойлгохгүй хэвээр байна уу? 17 Амаар орох алив зүйл гэдсэнд ороод, жамаараа гадагш арилдгийг ойлгохгүй байна уу? 18 Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч, хүнийг бузарладаг.* 19 Зүрхнээс ёрын бодол, аллага, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг. 20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузарлана гэжээ.
Канаан эмэгтэйн итгэл
(Мк 7:24–30)
21 Есүс тэндээс явж, Тир, Сидон хавьд ирэв. 22 Үзэгтүн, нэгэн канаан эмэгтэй тэр мужаас ирж
—Эзэн минь, Давидын Хүү минь, намайг өршөөгөөч. Миний охинд чөтгөр айхтар шүглэчихлээ гэж хашхирав. 23 Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс
—Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань хашхирсаар л байна шүү дээ гэж гуйв. 24 Гэтэл Есүс
—Би зөвхөн Израилын гэрийн алдагдсан хоньд руу илгээгдсэн юм гэсэн 25 боловч өнөөх эмэгтэй ирээд, Түүний өмнө мөргөж
—Эзэн минь, надад туслаач гэжээ. 26 Есүс
—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн биш ээ гэв. 27 Харин тэр
—Тийм ээ, Эзэн минь! Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ гэсэнд 28 Есүс
—Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ.
Олон хүнийг эдгээв
29 Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув. 30 Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, хараагүй, хэлгүй, мөн өөр олон хүнийг авч ирээд хөлд нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. 31 Хэлгүйчүүд ярихыг, тахир дутуучууд эрүүл болохыг, доголонгууд явахыг, хараагүйчүүд харахыг хурсан олон үзээд гайхан, Израилын Бурханыг алдаршуулав.
Дөрвөн мянган эрийг хооллов
(Мк 8:1–10)
32 Есүс шавь нараа дуудаад, тэдэнд
—Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай хамт гурван өдөр байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдаж унах вий гэхэд 33 шавь нар нь Түүнд
—Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цатгах талх хаанаас авах билээ? гэсэнд 34 Есүс
—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
—Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ. 35 Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, 36 долоон талх мөн загасыг авч талархал өргөн хувааж, шавь нартаа өгөхөд шавь нар нь хурсан олонд тараан өгчээ. 37 Бүгд идэж цадаад, үлдсэнийг нь цуглуулахад долоон сагс дүүрэв. 38 Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрс идсэн юм. 39 Тэгээд хурсан олныг явуулаад, Есүс завинд сууж Магаданы нутагт ирэв.
- 15:4 Гэт 20:12, 21:17; Дх 5:16; Лев 20:9
- a15:6 Зарим гар бичмэлд: эх эцгээ
- 15:8–9 Иса 29:13 (LXX)
- 15:14 Лк 6:39
- 15:18 Мт 12:34