Уямангаас цэвэршүүлэв
(Мк 1:40–45; Лк 5:12–16)

8 Есүсийг уулаас бууж ирэхэд ард олон Түүнийг дагав. 2 Үзэгтүн, уяман өвчтэй нэг хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж
—Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгожа чадна шүү дээ гэхэд 3 Есүс гараа сунган түүнд хүрээд
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ. 4 Есүс түүнд
—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тушаасан өргөлийг* өргө гэлээ.

Зуутын даргын зарцыг эдгээв
(Лк 7:1–10)

5 Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж
6 Эзэн минь! Миний зарц саа өвчин тусаж гэртээ хэвтэрт ороод сүрхий өвдөж шаналж байна гэхэд 7 Есүс
—Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. 8 Харин зуутын дарга
—Эзэн минь, Таныг дээвэр дороо оруулах зохистой хүн би биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. 9 Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. 10 Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд
—Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израилд хэнээс ч олоогүй юм байна. 11 Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно.* 12 Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй* гэв. 13 Тэгээд Есүс зуутын даргад
—Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ.

Петрийн гэрт
(Мк 1:29–34; Лк 4:38–41)

14 Есүс, Петрийн гэрт очоод, хадам эхийг нь халуурчихсан хэвтэж байхыг харлаа. 15 Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. 16 Тэд тэр орой чөтгөр шүглэсэн олон хүнийг Есүс дээр авчирсанд, Тэрээр сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээлээ. 17 Ийнхүү эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, Өвчин зовлонг маань үүрсэн»* гэж хэлүүлсэн нь биелэгджээ.

Есүсийн дагалдагч байх нь
(Лк 9:57–62)

18 Эргэн тойронд нь байгаа үй олон хүнийг Есүс хараад, нуурын нөгөө тал руу явахыг тушаав. 19 Нэгэн хуулийн багш ирж, Түүнд
—Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв. 20 Есүс түүнд
—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гэлээ. 21 Дагалдагчдын нэг нь Түүнд
—Эзэн минь, эхлээд явж, эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд 22 Есүс
—Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.

Шуурга намдаав
(Мк 4:35–41; Лк 8:22–25)

23 Түүнийг завинд суухад, шавь нар нь дагалаа. 24 Гэнэт нуурт хүчтэй шуурга босож, завь давлагаанд автав. Тэгэхэд Есүс унтаж байлаа. 25 Тэд Түүнийг очиж сэрээгээд
—Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь 26 Есүс тэдэнд
—Юунд айцгаана вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? гээд босож, салхи ба нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо. 27 Хүмүүс гайхаж
—Энэ ер нь ямар хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.

Чөтгөр шүглэсэн хоёрыг эдгээв
(Мк 5:1–20; Лк 8:26–39)

28 Есүсийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд, чөтгөр шүглэсэн хоёр хүн булшнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тулгарав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ. 29 Үзэгтүн, тэд хашхиран
—Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв. 30 Тэнд сүрэг гахай тэднээс зайдуухан идшилж байлаа. 31 Чөтгөрүүд Түүнээс гуйж
—Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг тэр сүрэг гахайд оруулаач гэв. 32 Тэр
—Зайлцгаа гэхэд сүнснүүд гарч гахайнуудад шүглэв. Үзэгтүн, гахайн сүрэг бултаараа нуурын эгц ганга дээрээс давхилдан усанд орж,живцгээлээ. 33 Гахайчид зугтаж, тосгонд очоод чөтгөр шүглэсэн хүмүүст юу тохиолдсон тухай бүгдийг ярив. 34 Тэгээд хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйжээ.


  • а8:2 цэвэр болгох: Энэ өвчин хүнийг бузарладаг гэж үздэг байжээ.
  • 8:4 Лев 14:1–32
  • 8:11 Лк 13:29 * 8:12 Мт 22:13, 25:30; Лк 13:28
  • 8:17 Иса 53:4