Саа өвчтөнийг эдгээв
(Мк 2:1–12; Лк 5:17–26)

9 Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотода ирлээ. 2 Үзэгтүн, хүмүүс нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Есүс дээр авчрахад Тэрээр тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд
—Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. 3 Гэтэл хуулийн багш нарын зарим нь
—Энэ Хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ. 4 Есүс тэдний бодлыг мэдээд
—Та нар юунд зүрхэндээ ёрын мууг бодно вэ? 5 “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 6 Тэгвэл Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гэж хэлээд, Тэрээр саа өвчтөнд
—Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 7 мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа. 8 Хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.

Матайг дуудав
(Мк 2:13–17; Лк 5:27–32)

9 Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд
—Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. 10 Есүсийг айлд ширээнд тухлан байтал, татвар хураагчид, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув.* 11 Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт
—Яахаараа танай багш татвар хураагчид ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. 12 Харин Есүс үүнийг сонсоод
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. 13 Иймээс явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.*

Мацгийн тухай асуулт
(Мк 2:18–22; Лк 5:33–39)

14 Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж
—Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд 15 Есүс тэдэнд
—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. 16 Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. 17 Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно гэв.

Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв
(Мк 5:21–43; Лк 8:40–56)

18 Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, гэнэт тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд
—Охин минь дөнгөж сая үхчихлээ. Гэвч Та очиж, түүн дээр гараа тавивал охин минь амилах болно гэжээ. 19 Есүс босож, түүнийг дагахад шавь нар нь ч бас дагав. 20 Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад 21 тэр эмэгтэй
—Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө бувтнаж байжээ. 22 Есүс харин хойш эргэж, мөнөөх эмэгтэйг хараад
—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ. 23 Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон орь дуу болсон олныг хараад
24 Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. 25 Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. 26 Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.Хараагүй хоёрыг эдгээв 27 Есүс тэндээс цааш явж байтал хараагүй хоёр хүн
—Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. 28 Айлд орсных нь дараа өнөө хоёр Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд
—Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд
—Тийм ээ, Эзэн минь гэлээ. 29 Тэгээд Есүс нүдэнд нь хүрч
—Итгэлийн чинь дагуу болог гэсэнд 30 тэд хараа оржээ. Есүс тэдэнд
—Хэнд ч үүнийг мэдэгдэж болохгүй хэмээн хатуу сануулав. 31 Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа. Хэлгүйг илаарьшуулав 32 Тэднийг дөнгөж гартал, үзэгтүн, чөтгөр шүглэсэн, хэлгүй хүнийг Түүн рүү авчрав. 33 Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй хүн ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж
—Израилд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. 34 Харин фарисайчууд
—Тэрээр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.*Ургац арвин ч ажилчид цөөн 35 Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин, эмгэгийг эдгээж байлаа.* 36 Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.* 37 Тэгээд Тэр шавь нартаа хэлэхдээ
—Ургац арвин ч ажилчид цөөн байна. * 38 Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв.


  • a9:1 буюу Капернаумд (4:13 үз.)
  • 9:10–11 Лк 15:1–2 * 9:13 Мт 12:7; Хос 6:6
  • 9:34 Мт 10:25, 12:24; Мк 3:22; Лк 11:15
  • 9:35 Мт 4:23; Мк 1:39; Лк 4:44
  • 9:36 Тоо 27:17; 1Ха 22:17; 2Шс 18:16; Езк 34:5; Мк 6:34
  • 9:37–38 Лк 10:2