Есүс соригдсон нь
(Мк 1:12–13; Лк 4:1–13)
4 Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл рүү хөтлөгдөв.* 2 Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. 3 Соригч ирээд, Түүнд
—Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. 4 Гэвч Есүс
—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна”* гэж бичигдсэн байдаг хэмээв. 5 Тэгэхэд диавол Түүнийг ариун хотоаваачин сүмийн орой дээр зогсоогоод, 6 Түүнд
—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь
“Тэрээр тэнгэрэлч нартаа
Чиний талаар тушаана.
Чамайг хөлөө чулуунд
цохичих вий гэсэндээ
Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна”
гэж бичигдсэн байдаг* шүү дээ гэв. 7 Есүс
—“Эзэн Бурханаа бүү сорь”* гэж бас бичигдсэн байдаг гэлээ. 8 Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлж,
— 9 Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд 10 Есүс
—Зайл, Сатан аа!
“Чи Эзэн Бурхандаа мөргөж,
зөвхөн Түүнд үйлчил”* гэж бичигдсэн байдаг юм гэлээ. 11 Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.
Есүс үйлчлэлээ эхлэв
(Мк 1:14–15; Лк 4:14–15)
12 Иоханы баривчлагдсаныг Есүс сонсоод Галил тийш зайлан одлоо.* 13 Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн* нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив. 14 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд 15 «Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Йорданы чанад, Харийнхны Галил аа! 16 Харанхуйд суугч ард түмэн Их гэрлийг үзэв.
Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав»* гэсэн байдаг. 17 Тэр цагаас эхлэн Есүс
—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй* гэж тунхаглаж эхлэв.
Есүсийн анхны шавь нар
(Мк 1:16–20; Лк 5:1–11)
18 Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж. 19 Есүс тэдэнд
—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв. 20 Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 21 Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав. 22 Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.
Есүс үй олныг эдгээв
(Лк 6:17–19)
23 Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.* 24 Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Есүс дээр авчирч, Тэрээр тэднийг эдгээжээ. 25 Галил, Декаполь, Йерусалим, Иудей түүнчлэн Йорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.
- 4:1 Евр 2:18, 4:15
- 4:4 Дх 8:3
- 4:6 Дуу 91:11–12
- 4:7 Дх 6:16
- 4:10 Дх 6:13
- 4:12 Мт 14:3; Мк 6:17; Лк 3:19–20
- 4:13 Иох 2:12
- 4:15–16 Иса 9:1–2
- 4:17 Мт 3:2
- 4:23 Мт 9:35; Мк 1:39