Тэмдэг шаардсан нь
(Мк 8:11–13; Лк 12:54–56)

16 Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.* 2 Есүс тэдэнд хариуд нь
—Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь” гэдэг. 3 Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?a 4 Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй* гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.

Фарисай ба садукайчуудын хөрөнгө
(Мк 8:14–21)

5 Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ. 6 Есүс тэдэнд
—Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил* гэхэд 7 тэд дундаа эргэцүүлэн ярьж
—Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв. 8 Есүс үүнийг мэдээд
—Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ? 9 Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хэчнээн сагс цуглуулсан билээ?* 10 Бас долоон талхыг дөрвөн мянган хүнд хуваагаад хэчнээн сагс цуглууллаа?* 11 Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв. 12 Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.

Петрийн тунхаглал
(Мк 8:27–30; Лк 9:18–21)

13 Цезарь Филиппийн нутагт ирээд, Есүс шавь нараасаа
—Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад 14 тэд
—Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэг* гэв. 15 Тэр
—Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд 16 Симон Петр
—Та бол Христ, амьд Бурханы Хүү* мөн гэв. 17 Есүс түүнд хариуд нь
—Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилжээ. 18 Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хаданb дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. 19 Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно* гээд, 20 Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.

Есүс үхэл, амиллаа зөгнөв
(Мк 8:31—9:1; Лк 9:22–27)

21 Есүс тэр цагаас эхлэн Йерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилчид болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв. 22 Петр Түүнийг хажуу тийш аваачаад
—Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гээд зэмлэж эхэлсэнд 23 Тэр эргэж, Петрт
—Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.

Загалмай ба өөрийгөө үгүйсгэхүй

24 Тэгээд Есүс шавь нартаа
—Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.* 25 Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно.* 26 Ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх билээ? 27 Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнхээ алдрын дотор ирэх бөгөөд, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгнө.* 28 Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалтайгааc ирэхийг харах хүртлээ үхлийг амсахгүй гэж айлдав.


  • 16:1 Мт 12:38; Лк 11:16
  • a16:3 Зарим гар бичмэлд: 2,3-р эшлэлд хэлсэн Есүсийн үг байхгүй.
  • 16:4 Мт 12:39; Лк 11:29
  • 16:6 Лк 12:1
  • 16:9 Мт 14:17–21
  • 16:10 Мт 15:34–38
  • 16:14 Мт 14:1–2; Мк 6:14–15; Лк 9:7–8
  • 16:16 Иох 6:68–69
  • b16:18 грк. Петра
  • 16:19 Мт 18:18; Иох 20:23
  • 16:24 Мт 10:38; Лк 14:27
  • 16:25 Мт 10:39; Лк 17:33; Иох 12:25
  • 16:27 Мт 25:31; Дуу 62:12; Ром 2:6
  • c16:28 эсвэл хаанчлалдаа