Мэргэдийн айлчлал

2 Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Йерусалимд хүрч ирээд
2 Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. 3 Херод хаан болон Йерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. 4 Херод бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг лавлажээ. 5 Тэд түүнд
—Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
6 “Иуда нутгийн Бетлехем ээ!*
Иудагийн дээдсийн дунд
Чи огтхон ч дорд бус.
Ард түмэн минь болох
Израилыг хариулах Удирдагч
чамаас гарах болно” гэсэн гэж хариулав.
7 Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. 8 Тэр тэднийг Бетлехем рүү явуулж,
—Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэлээ. 9 Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. 10 Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. 11 Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.
12 Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.

Египет рүү зугтав

13 Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж
—Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет рүү зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.14 Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. 15 Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав»* гэсэн нь ийнхүү биелжээ. Нялхсыг хүйс тэмтрэв 16 Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь байгаа хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв. 17 Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад
18 «Ихэд гашуудан уйлах дуу
Рамад сонстов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд нь үгүй болсон тул
Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв»
гэсэн байдаг билээ.

Египетээс буцаж ирлээ

19 Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд гэнэт үзэгдэж
20 Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израил нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. 21 Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израил нутагт ирэв. 22 Гэвч эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр сонсоод, тийш очихоос айжээ. Зүүдэнд нь сэрэмжлүүлэг ирснээр тэрээр Галил хавийн нутаг руу явлаа. 23 Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно»* хэмээн эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.


  • 2:6 Мик 5:2
  • 2:15 Хос 11:1
  • 2:18 Иер 31:15