Хуулийн багш нар ба фарисайчуудыг буруушаав
(Мк 12:38–40; Лк 11:39–44,46–52, 20:45–47)

23 Тэгээд Есүс ард олонд болон шавь нартаа айлдсан нь
2 Мосегийн суудалд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна. 3 Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг. 4 Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй. 5 Тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.* 6 Тэд найр наадмын хойморт, синагогуудад тэргүүн суудалд залрах, 7 гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. 8 Харин та нар “Багш аа” гэж бүү дуудуул. Та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. 9 Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй. 10 Та нар зааварлагчид гэж бүү дуудуул. Зааварлагч чинь ганц бөгөөд Тэр нь Христ юм. 11 Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог.* 12 Өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө.*
13 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар харин золгүй еэ! Учир нь та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. 14 [Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар удаан залбирч буй дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.]а
15 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар ганц хүний араас ч болов тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгохдоо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог аж.
16 Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг. 17 Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? 18 “Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг. 19 Сохрууд аа, аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? 20 Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. 21 Сүмээр тангараглагч нь сүмээр болон тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. 22 Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй юм.*
23 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг хүртэл өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.* 24 Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа!
25 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. 26 Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно.
27 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн цагаанаар будсан булшнууд шиг аж.* 28 Та нар хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж.
29 Хоёр нүүрт хуулийн багш нар ба фарисайчууд та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. 30 Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. 31 Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. 32 Тиймээс та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ. 33 Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?* 34 Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. 35 Зөвт нэгэн Абелын цуснаас авхуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ.* 36 Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ үеийнхэн дээр ирнэ.

Есүс Йерусалимын төлөө гашуудав
(Лк 13:34–35)

37 Йерусалим аа, Йерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөр лүү нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 38 Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна.* 39 Учир нь Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ та нар Намайг харахгүй гэв.*


  • 23:5 Мт 6:1; Тоо 15:38; Дх 6:8
  • 23:11 Мт 20:26–27; Мк 9:35, 10:43–44; Лк 22:26
  • 23:12 Лк 14:11, 18:14
  •  а23:14 Зарим гар бичмэлд энэ эшлэл байхгүй (Мк 12:40 үз.)
  • 23:22 Иса 66:1; Мт 5:34
  • 23:23 Лев 27:30
  • 23:27 Үйл 23:3
  • 23:33 Мт 3:7, 12:34; Лк 3:7
  • 23:35 Эх 4:8; 2Шс 24:20–21
  • 23:38 Иер 22:5
  • 23:39 Дуу 118:26