Бусдыг шүүх нь
(Лк 6:37–38,41–42)
7 Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. 2 Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.* 3 Чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа юунд өөрийн нүдэн дэх дүнзээ анзаардаггүй юм бэ? 4 Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? 5 Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.
Ариун юмыг бузарлах нь
6 Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчхээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий.
Гуй, хай, тогш
(Лк 11:9–13)
7 Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. 8 Гуйдаг хүн бүр авна, хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. 9 Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? 10 Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? 11 Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?
Алтан дүрэм
12 Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүний төлөө л Хуульа ба Эш үзүүлэгчид буй.*
Хавчиг хаалга
(Лк 13:24)
13 Хавчиг хаалгаар ор. Сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. 14 Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.
Мод ба үр жимс
(Лк 6:43–44)
15 Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар дээр ирэх боловч харин дотроо хомхой чононууд юм. 16 Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү? 17 Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг. 18 Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана. 19 Сайн жимс гаргадаггүй аливаамодыг огтолж галд хаядаг.* 20 Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина.*
Өөрийгөө мэхлэгчид
(Лк 13:25–27)
21 Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг үйлдэгч нь л орно. 22 Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. 23 Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.*
Сонсогчид ба үйлдэгчид
(Лк 6:47–49)
24 Тиймд эдгээр үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч хүн бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. 25 Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. 26 Эдгээр үгийг минь сонсоод, үүний дагуу үйлддэггүй хүн нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. 27 Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
28 Тэгээд Есүсийг эдгээр үгээ гүйцээмэгц ард олон сургаалыг нь гайхаж байлаа. 29 Учир нь Тэрээр тэдний хуулийн багш нар шиг бус, харин эрх мэдэлтэй Нэгэн шиг тэдэнд зааж байв.*
- а7:12 Хууль ба Эш үзүүлэгчид: Мосегийн бичсэн хуулийн номууд болон эш үзүүлэгчдийн бичсэн номуудыг хэлж байна
7:2 Мк 4:24 - 7:12 Лк 6:31
- 7:19 Мт 3:10; Лк 3:9
- 7:20 Мт 12:33
- 7:23 Дуу 6:8
- 7:28–29 Мк 1:22; Лк 4:32