Матайн бичсэн сайнмэдээ нь Есүсийг Хуучин гэрээн дэх, Бурханы амлалтын биелэл буюу Аврагч гэдгийг илэрхийлдэг агаад Есүсийн төрж өссөн үндэстэн болох еврейчүүдэд төдийгүй дэлхий дахинд зориулагджээ. Матай ном нь Есүс мэндэлсэн, баптисм хүртсэн, соригдсон тухай болон Галилд номлож, зааж, эдгээн үйлчилж байсан үйл явдлаар эхэлдэг. Улмаар Галилаас Йерусалим хүртэл аялсан тухай нь болон сүүлчийн долоо хоног, үйл явдлын оргил буюу цовдлогдож бас амилсан тухай эмх цэгцтэй өгүүлдэг. Есүсийг Бурханы хаанчлалын тухай заагч, Бурханы хуулийг тайлбарлагч эрх мэдэл бүхий аугаа багш гэдгийг эл сайнмэдээнд харуулж байна. Түүний сургаалыг агуулгаар нь 1) Тэнгэрийн хаанчлалын иргэдийн зан чанар, үүрэг, эрх мэдэл, ирээдүйнх нь тухай өгүүлсэн хэсэг буюу уулан дээрх номлол; 2) Арван хоёр дагалдагчдадаа өгсөн заавар; 3) Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалт зүйрлэл; 4) Дагалдахуйн тухай; 5) Энэ үеийн төгсгөл ба тэнгэрийн хаанчлал айсуй тухай заасан нь хэмээсэн таван хэсэгт хуваан үздэг.
Христ Есүсийн угийн бичиг
(Лк 3:23–38)
1 Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. 2 Абрахамд Исаак төрж, Исаакт Иаков төрж, Иаковт Иуда болон ах дүүс нь төрсөн болой. 3 Иуда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Перезэд Хезрон төрж, Хезронд Рам төрж, 4 Рамд Амминадаб төрж, Амминадабт Нахшон төрж, Нахшонд Салмон төрөв. 5 Салмонд Рахабаар Боаз, Боазад Рутаар Обед төржээ. Обедод Иесси төрж, 6 Иессид Давид хаан төрсөн билээ. Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн 7 бөгөөд Соломонд Рехобоам төрж, Рехобоамд Абиа төрж, Абиад Аса төрөв. 8 Асад Иехошафат төрж, Иехошафатад Иорам төрж, Иорамд Уззиа төрж, 9 Уззиад Иотам төрж, Иотамд Ахаз төрж, Ахазад Хезекиа төрж, 10 Хезекиад Манассе төрж, Манассед Амон төрж, Амонд Иосиа төрөв. 11 Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.*12 Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. 13 Зеруббабелд Абихуд төрж, Абихудад Елиаким төрж, Елиакимд Азор төрж, 14 Азорт Задок төрж, Задокт Ахим төрж, Ахимд Елиуд төрж, 15 Елиудад Елеазар төрж, Елеазарт Маттан төрж, Маттанд Иаков төржээ. 16 Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой. 17 Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.
Христ Есүс мэндэллээ
(Лк 2:1–7)
18 Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ.* 19 Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. 20 Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд
—Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. 21 Тэрээр Хүү төрүүлнэ. Чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэрээр ард түмнээ нүглээс нь аварна*гэв. 22 Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэний айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ 23 «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ.Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт»)* гэж тэд нэрлэнэ»гэсэн юм. 24 Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч 25 түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.
- 1:11 2Ха 24:14–15; 2Шс 36:10; Иер 27:20
- 1:18 Лк 1:27
- 1:21 Лк 1:31
- 1:23 Иса 7:14 (LXX)
- 1:25 Лк 2:21