Рехобоамын эсрэг бослого
(1Ха 12:1–20)

10 1 Ингээд хамаг Израил Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ. 2 Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв. (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.) 3 Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилын бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа
4 Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв. 5 Рехобоам тэдэнд
—Гурван өдрийн дараа над руу эргэж ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6 Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн
—Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув. 7 Тэд Рехобоамд
—Хэрэв та энэ ард түмэнд сайнаар хандан тэдний таалалд нийцүүлж, тэдэнд эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв. 8 Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв. 9 Тэр тэдэнд
—“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв. 10 Түүнтэй хамт өссөн залуус түүнд
—“Эцэг тань бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өгнө үү” гэж чамд хандаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууц нуруунаас ч бүдүүн юм. 11 Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол, би буулгыг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.
12 Хаан
—Гурав хоноод над руу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам болон бүх ард түмэн гурав дахь өдөр нь Рехобоамд бараалхав. 13 Рехобоам хаан, ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд
—Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хариулав. 15 Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ ЭЗЭН биелүүлэхийн тулд бүх зүйлийг Бурхан ийнхүү эргүүлсэн юм. 16 Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израилчууд бүгд хараад, ард түмэн хаанд
Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ?
Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.
Израил аа, хүн бүр өөр өөрсдийн майхан руу буцацгаа.
Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд*
гэцгээв. Ингээд израилчууд бүгд өөр өөрсдийн майхан руу одоцгоов. 17 Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилын хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ. 18 Рехобоам хаан албадлагын ажил харгалзагч Хадорамыг илгээсэн боловч Израилын хөвгүүд түүн рүү чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч Йерусалим руу зугтахаар шалавхан тэргэндээ суув. 19 Израилчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.


  • 10:16 2См 20:1