Ахазын хаанчлал
(2Ха 16:1–4)
28 1 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Йерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй. 2 Харин тэрээр Израилын хаадын замаар замнасан төдийгүй тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв. 3 Үүнээс гадна, Израилын хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-Хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил өргөв.
Иудаг Арам Израил нар цохив
(2Ха 16:5)
5 Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилын хааны гарт тэр бас орсон юм.* 6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм. 7 Ефраимын хүчит эр Зихри гэгч нь хааны хүү Маасеиа, гэрийн захирагч Азрикам болон хааны удаах хүн Елкана нарыг алжээ.
Одедын оролцоо
8 Израилын хөвгүүд өөрсдийн ах дүү болох тэднээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлийг дээрэмдэн, олзоо Самарид авчрав.
9 Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд
—Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа. 10 Одоо та нар Иуда, Йерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу? 11 Иймээс одоо, намайг сонсож, ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсийг буцаацгаа! Учир нь ЭЗЭНий шатаж буй уур хилэн та нарын дээр байна гэв. 12 Тэгэхэд Ефраимын хөвгүүдийн ургийн тэргүүн нараас Иехохананы хүү Азариа, Мешиллемотын хүү Берехиа, Шаллумын хүү Иехизкиа, Хадлаин хүү Амаса нар тулалдаанаас буцаж ирж байгаа цэргүүдийн өмнө гарч зогсон 13 тэдэнд
—Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, ялыг улам нэмэгдүүлж, бидэн дээр ЭЗЭНий өмнө ял зэм буулгах санаатай байна. Бидний ял хэдийн үлэмж их бөгөөд дүрэлзсэн уур хилэн Израилын дээр байна гэцгээв. 14 Ингээд зэвсэглэсэн эрчүүд олзлогдогсод ба олзоо захирагчид болон бүх чуулганы өмнө орхив. 15 Тэгээд дээр нэр дурдагдсан хүмүүс босож, олзлогдогсдыг авч, нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслажээ. Мөн тэдэнд хувцас, шаахай өгч, хооллож ундлаад, тосоор тослов. Тэгээд тамирдсаныг нь илжгэн дээр суулган хөтөлж, дал модны хот Иериход тэдний ах дүүс рүү авчрав. Дараа нь тэд Самари руу буцацгаажээ.
Иудад туслахаас Ассири татгалзав
(2Ха 16:7–9)
16 Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад руу тусламж хүсэн хүн илгээв. 17 Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ. 18 Бас филистчүүд нам дор газрын болон Иудагийн Негевийн хотуудыг түрэмгийлж, Бет-Шемеш, Аиалон, Гедерот, Соког гацаануудынх нь хамт, Тимнаг гацаануудынх нь хамт, Гимзог гацаануудынх нь хамт эзлэн авч, тэнд суурьшжээ. 19 ЭЗЭН, Израилына хаан Ахазаас болж Иудаг номхруулав. Учир нь тэрээр Иудад хамжааргагүй байдлыг зөвшөөрч, ЭЗЭНий эсрэг харш юм хийсэн юм. 20 Иймээс Ассирийн хаан Тилгат-Пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав. 21 Хэдийгээр Ахаз, ЭЗЭНий өргөө, хааны болон ноёдын өргөөнөөс хувь авч, түүнийг Ассирийн хаанд өгсөн боловч энэ нь түүнд тус болсонгүй.
Ахазын урвалт ба үхэл
22 Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ. 23 Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн
—Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилын бүдрүүлэгч болжээ. 24 Үүнээс гадна, Бурханы өргөөний сав суулгыг Ахаз хаман цуглуулаад, тэдгээрийг хэсэг болгон цавчив. Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгануудыг хааж, Йерусалимын булан бүрд өөртөө зориулан тахилын ширээ босгов. 25 Иудагийн хот бүрд тэрээр өөр бурхдад утлага өргөхөөр мөргөлийн өндөрлөгүүдийг байгуулж, эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНийг уурлуулсан юм.
26 Түүний бусад үйлс замнал нь эхнээсээ төгсгөл хүртэл Иуда болон Израилын Хаадын номд бичигдсэн билээ. 27 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Йерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилын хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.*
- 28:5–6 Иса 7:1
- а28:19 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус. Ахаз нь Иудагийн хаан атлаа Израилын хаадын адил замнасан учраас зориуд ингэж хэлсэн гэх тайлбар бий. Зарим гар бичмэлд Иудагийн
- 28:27 Иса 14:28