Иуда ба Бениамины бэхлэлт
(1Ха 12:21–24)
11 1 Рехобоам, Йерусалимд ирээд, өөрийнхөө хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилын эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнээс зуун наян мянган шилдэг дайчдыг цуглуулав. 2 Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж
— 3 Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израилчуудад 4 “Та нар ах дүүсийнхээ эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун гэж ЭЗЭН айлдаж байна” хэмээн хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөлгүй буцацгаав.
5 Рехобоам Йерусалимд амьдран Иудад бэхлэлттэй хотууд босгов. 6 Тэрээр Бетлехем, Етам, Текоа, 7 Бет-Зур, Соко, Адуллам, 8 Гат, Мареша, Зиф, 9 Адораим, Лахиш, Азека, 10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм. 11 Тэрээр бэхлэлтүүдийг батжуулж, тэдний дотор захирагчдыг суулгаж мөн хүнс, тос, дарсны нөөцийг байрлуулжээ. 12 Тэрээр хот бүрийг бамбай, жадаар ханган, ихэд хүчирхэгжүүлэв. Иуда, Бениамин түүний талд байлаа.
Тахилчид ба левичүүд Рехобоамыг дэмжив
13 Бүх Израилд байсан тахилчид болон левичүүд нутаг дэвсгэрээсээ түүн дээр буцаж ирсэн байна. 14 Иеробоам болон түүний хөвгүүд левичүүдийг ЭЗЭНий тахилч байхаас халсан тул тэд өөрсдийн бэлчээр эдлэн, эзэмшил өмчөө орхин, Иуда ба Йерусалим руу ирцгээв. 15 Иеробоам өөрийнхөө хийсэн ямаан болон тугалан шүтээнүүдэд зориулсан мөргөлийн өндөрлөгүүдэд өөрийн тахилчдыг томилжээ.* 16 Израилын Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилын бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Йерусалимд ирцгээв. 17 Тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан учраас Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив.
Рехобоамын гэрлэлт
18 Тэгээд Рехобоам Давидын хүү Иеримотын охин Махалатыг мөн Иессийн хүү Елиабын охин Абихаил нарыг эхнэрээ болгов. 19 Тэр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм. 20 Түүний дараа тэрээр Абсаломын охин Маакаг авсанд түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ. 21 Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй мөн хорин найман хүү, жаран охины эцэг болсон бөгөөд бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. 22 Рехобоам, Маакагийн хүү Абиаг хаан болгохын тулд ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон билээ. 23 Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хот руу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгч, тэдэнд олон эхнэр авч өгчээ.
- 11:15 1Ха 12:31