Алгасалыг тэмдэглэв
(2Ха 23:21–23)
35 1 Дараа нь Иосиа, ЭЗЭНд Алгасалыг Йерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Алгасалын хургануудыг төхөөрөв. 2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд оруулан ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд тэднийг урамшуулав. 3 Тэрээр мөн хамаг Израилыг зааварладаг, ЭЗЭНд ариун левичүүдэд
—Ариун авдрыг Израилын хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун! Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо ЭЗЭН Бурхандаа болон Түүний ард түмэн Израилд үйлчлэгтүн! 4 Израилын хаан Давидын заавар бичиг болон түүний хүү Соломоны зааврын дагуу өөрсдийн хэсэг, эцгийнхээ бүлүүдийнхээ дагуу бэлэн байгтун!* 5 Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгийн бүлүүдийн дагуу мөн левичүүдийн эцгийн бүлийн хэсэг бүрээр ариун газарт зогсогтун! 6 Алгасалын хургануудыг нядалж, өөрсдийгөө ариусгаж, Мосегоор дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу гүйцэтгэхэд ах дүүсээ бэлтгэгтүн! гэв.
7 Иосиа тэнд байсан бүгдэд буюу ард түмний хөвгүүдийн Алгасалын тахилд зориулан гучин мянган хурга ба ишиг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Эдгээр нь хааны өмч байв. 8 Түүний түшмэд нь ардуудад болон тахилч нар, левичүүдэд сайн дураараа хандивлав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Алгасалын өргөлд зориулан хоёр мянга зургаан зуун хурга мөн гурван зуун үхэр тахилч нарт өгчээ. 9 Левичүүдийн захирагчид болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Алгасалын өргөлд зориулан таван мянган хурга мөн таван зуун бухыг левичүүдэд хандивлав.
10 Ингээд үйлчлэлийн бэлтгэл хангагдсанд хааны тушаалын дагуу тахилч нар байр байрандаа мөн левичүүд хэсэг хэсэгтээ зогсоцгоолоо. 11 Тэд Алгасалын хургануудыг нядлав. Тэгээд левичүүд арьсыг нь өвчих хооронд тахилч нар тэдний гараас цусыг авч цацав. 12 Тэгээд тэд шатаалт тахилыг тусгайлан тавьж, эгэл ардуудын эцгийн гэрийн бүлэг тус бүрд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөв. Бухуудыг мөн адил өгөв. 13 Ингээд тэд Алгасалын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун өргөлийг сав, тогоо, түмпэнд чанаад, бүх ард түмэнд түргэхэн шиг аваачжээ.* 14 Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тиймээс левичүүд өөрсдөдөө болон Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм. 15 Асафын хөвгүүд болох дуучид ч Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу байрлалаа эзэлсэн байв. Мөн хаалга хаалган дээрх хаалгач нар үйлчлэлээсээ холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.*
16 Алгасалыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө цэгцэрсэн байв. 17 Ингээд тэнд байсан Израилын хөвгүүд тэр үед Алгасалыг мөн Исгээгүй талхны баярыг долоон өдөр тэмдэглэжээ.* 18 Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилын хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израил болон Йерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. 19 Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Алгасалыг тэмдэглэсэн юм.
Некогийн ялалт ба Иосиагийн үхэл
(2Ха 23:28–30)
20 Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Кархемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа. 21 Гэвч Неко түүнд элч нарыг илгээн
—Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин надтай дайтаж буй хаанчлалын эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаасан. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв. 22 Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв. 23 Харваачид Иосиа хааныг харван оносонд хаан зарц нартаа
—Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв. 24 Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Йерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Йерусалим Иосиагийн араас гашууджээ. 25 Дараа нь Иеремиа, Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израилд заншил болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудал номд бичигдсэн юм. 26 Иосиагийн бусад үйл хэрэг болон ЭЗЭНий хуулийн дагуух түүний сайн үйлс, 27 түүний үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, Израил ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм.
- 35:4 2Шс 8:14
- 35:13 Гэт 12:8–9
- 35:15 1Шс 25:1
- 35:17 Гэт 12:1–20