ЭЗЭНий өргөөг Соломон барив
3 1 Ингээд Соломон, Йерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.* 2 Соломон хаант засгийнхаа дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын хоёронд барьж эхэлжээ.
3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан суурь хуучны хэмжүүрээр, урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа. 4 Өргөөний өмнөх үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ. 5 Гол танхимыг тэрээр майлс модоор доторлон, цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв. 6 Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь харин Парваимын алт байжээ. 7 Бүх өргөөг буюу гуалин, босго, хана, хаалгануудыг нь алтаар бүрж, хананууд дээр нь херүбүүдийг сийлэв.
8 Тэрээр Ариунаас ариун газрыг хийсэн бөгөөд урт нь өргөөний өргөний энгээр хорин тохой, өргөн нь мөн хорин тохой байв. Үүнийг зургаан зуун талант цэвэр алтаар бүржээ.* 9 Хадааснуудын жин тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.
10 Ариунаас ариун газарт тэрээр хос херүбүүдийн баримал бариад, алтаар бүрэв.* 11 Херүбүүдийн далавчны нийт урт хорин тохой байв. Херүбийн нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд нөгөө херүбийн далавчинд хүрч байв. 12 Нөгөө херүбийн нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд эхний херүбийн далавчинд хүрч байв. 13 Энэ херүбүүдийн далавч хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол өргөө тийш харан хөл дээрээ зогсоцгоож байв. 14 Тэрээр хөх, нил ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херүбүүд урлав.*
15 Тэр бас өргөөний урд талд гучин таван тохой өндөр хос багана хийсэн бөгөөд тус бүрийн орой дээр таван тохой өндөр догa байв. 16 Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, баганынb нь орой дээр байрлуулж, зуун анар урлан, гинжнүүд дээр бэхлэв.л 17 Тэрээр багануудыг сүмийн өмнө буюу нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг Иахин,c зүүн талынхыг Боазd гэж нэрлэжээ.
- 3:1 Эх 22:2
- 3:8 Гэт 26:33–34
- 3:10–13 Гэт 25:18–203:14 Гэт 26:31
- a3:15 дог: Багана, туг зэргийн оройн хэсэг буюу чимэг.
- b3:16 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- c3:17 Иахин: евр. “(Бурхан) босгосон” гэсэнтэй төстэй үг.
- d3:17 Боаз: евр. “(Бурханы) хүч” гэсэнтэй төстэй үг.