Амазиагийн хаанчлал
(2Ха 14:2–6)

25 1 Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Йерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Йерусалимын Иехоаддан гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3 Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж ЭЗЭНий тушаасанчлан тэдний хөвгүүдийг тэрээр алсангүй.*

Едомчуудыг хядсан нь
(2Ха 14:7)

5 Үүнээс гадна Амазиа, иудачуудыг цуглуулан тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс байгааг олж мэдэв. 6 Тэр бас Израилаас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7 Гэвч Бурханы хүн түүн дээр ирж
—Өө, хаантан, Израилын цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израилтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм. 8 Гэсэн ч хэрвээ та явбал яв, тулаанд тууштай бай.a Харин Бурхан таныг дайсны өмнө унагаах болно. Учир нь туслах ба унагах эрх Бурханд бий гэв. 9 Амазиа, Бурханы хүнд
—Гэвч Израилын цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн
—Чамд өгөх юм ЭЗЭНд үүнээс хамаагүй их бий гэж хариулав. 10 Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн дээр ирсэн цэргүүдийг нутагт нь буцааж явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар нутагтаа харьцгаав. 11 Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий рүү хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав. 12 Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулууджээ. 13 Гэвч дайнд явахыг нь болиулаад Амазиагийн буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-Хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйл олзлов.
14 Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мөргөж, тэдэнд утлага өргөв. 15 Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэр түүнд эш үзүүлэгчийг илгээн
—Чиний гараас ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлнэ вэ? гэж хэлүүлжээ. 16 Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд
—Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Боль! Чи юунд өөрийгөө алуулах юм хийнэ вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод
—Чи ийм юм үйлдэж, зөвлөгөөг минь ч сонссонгүй. Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэдлээ гэв.

Иудаг Израил ялав
(2Ха 14:8–20)

17 Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөлдөж, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилын хаан Иоашт элч илгээн
—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв.b 18 Израилын хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн
—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлсэн гэдэг. 19 Чи “Харагтун, би Едомыг ялсан юм” гээд зүрх чинь бардам болжээ. Одоо сүр жавхландаа баясаад гэртээ байж бай. Юунд өөрийгөө төдийгүй өөртэйгөө хамт Иудаг унагах гэж төвөг удна вэ? гэв. 20 Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм. 21 Ингээд Израилын хаан Иоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-Шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 22 Иуда, Израилд ялагдан, хүн бүр өөр өөрсдийн майхан руу зугтаажээ. 23 Тэгээд Израилын хаан Иоаш, Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-Шемешт олзлон аваад, түүнийг Йерусалимд авчран Йерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газар нураав. 24 Бурханы өргөөнд Обед-Едомын халамжид болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж мөн хүмүүсийг олзлон авч, Самари руу буцжээ.

Амазиагийн үхэл

25 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Иехоахазын хүү Израилын хаан Иоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 26 Амазиагийн бусад үйлс нь эхнээсээ төгсгөл хүртэл Иуда, Израилын Хаадын номд бичигдсэн бус уу? 27 ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Йерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш руу зугтав. Гэвч тэд Лахиш руу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ. 28 Тэгээд тэд шарилыг нь морины нуруун дээр тэгнэн авчирч, Йерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ.


  • 25:4 Дх 24:16
  • a25:8 эсвэл тэдэнтэй хамт хүчтэй юм бол яв. Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • b25:17 эсвэл хэлэлцээрт урив