Иехоахазын хаанчлал
(2Ха 23:30–35)
36 1 Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Йерусалимд хаан болгон өргөмжлөв. 2 Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Йерусалимд гурван сар хаанчилжээ. 3 Дараа нь Египетийн хаан Йерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, түүний газар нутагт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг ногдуулав. 4 Тэгээд Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Йерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив.*
Иехоиакимын хаанчлал ба олзлогдол
(2Ха 23:36—24:7)
5 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Йерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр ЭЗЭН Бурханыхаа мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.* 6 Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон руу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.* 7 Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон руу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.
8 Иехоиакимын бусад үйл хэрэг, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юм нь Израил ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм. Тэгээд хүү Иехоиахин нь түүний оронд хаан болжээ.
Иехоиахины хаанчлал ба олзлогдол
(2Ха 24:8–17)
9 Иехоиахин хаан болохдоо найманa настай байсан бөгөөд Йерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.
10 Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон руу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авгаb болох Зедекиаг Иуда ба Йерусалимын хаан болгов.*
Зедекиагийн хаанчлал
(2Ха 24:18–20; Иер 52:1–3а)
11 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Йерусалимд арван нэгэн жил хаанчлав.* 12 Тэрээр ЭЗЭН Бурханыхаа мэлмийд муу муухайг үйлдэв. ЭЗЭНий үгийг ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруусгаагүй юм. 13 Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилын Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.*
14 Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй юм хийж, Йерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.
Йерусалимын уналт
(2Ха 25:1–21; Иер 52:3б–11)
15 Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ. 16 Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэл нь тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм. 17 Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, залуусыг нь ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.* 18 Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй авч, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг нь тэрээр Вавилон руу авчирчээ. 19 Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Йерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм. 20 Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон руу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ. 21 Эл цөлмөгдсөн газар нутаг энэ хугацаанд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэж, газар ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.c *
Корешийн тунхаг
(Езр 1:1–4)
22 Иеремиагаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийнd анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа 23 “Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Йерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч бай, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.*
- 36:4 Иер 22:11–12
- 36:5 Иер 22:18–19, 26:1–6, 35:1–19
- 36:6 Иер 25:1–38, 36:1–32, 45:1–5; Дан 1:1–2
- a36:9 ЭЗО: арван найм (2Ха 24:8 үз.)
- b36:10 эсвэл хамаатан (2Ха 24:17 үз.)
- 36:10 Иер 22:24–30, 24:1–10, 29:1–2, 37:1; Езк 17:12–13
- 36:11 Иер 27:1–22, 28:1–17
- 36:13 Езк 17:15
- 36:17 Иер 21:1–10, 34:1–5
- c36:21 Лев 25:1–7 үз.
- 36:21 Иер 25:11, 29:10
- d36:22 Персийн хаан Кореш МЭӨ 539 онд Вавилон хотыг эзэлж Вавилоны хаан болсон.
- 36:23 Иса 44:28