Египетчүүд Иудаг довтлов
(1Ха 14:25–28)
12 1 Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжих үедээ тэр болон түүнтэй хамт бүх Израил ЭЗЭНий хуулийг огоорон хаяв. 2 Тэд ЭЗЭНд үнэнч бус байсан тул Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак Йерусалимын эсрэг довтлохоор 3 мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, этиоп хүмүүс иржээ. 4 Тэрээр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Йерусалим хүртэл довтлов.
5 Шишакийн улмаас Йерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд руу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд
—“Та нар Намайг хаясан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгч хаясан” гэж ЭЗЭН айлдлаа гэв. 6 Тиймээс Израилын ноёд ба хаан ч өөрсдийгөө даруу болгон
—ЭЗЭН зөвт билээ гэцгээв. 7 Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа
—Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэднийг удахгүй чөлөөлж, Би уур хилэнгээ Йерусалимын дээр Шишакаар дамжуулан буулгахгүй. 8 Гэвч тэд түүний зарц болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрыг тэд ялган салгаж ойлгох болно гэлээ.
9 Египетийн хаан Шишак Йерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.* 10 Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав. 11 Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэдгээр бамбайнуудыг өргөн яваад дараа нь харуулын өрөөнд буцааж аваачих болжээ. 12 Тэр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүрмөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад байдал сайжрав.
Рехобоам өөд болов
13 Рехобоам хаан Йерусалимд хүчирхэгжин ноёрхжээ. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилын бүх овгоос сонгосон хот болох Йерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх аммон эмэгтэй Наама байжээ. 14 Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм. 15 Рехобоамын түүх нь эхнээсээ төгсгөл хүртэл удмын бичгийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичигдсэн бус уу? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн дажин үргэлжилсээр байв. 16 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Хүү Абиа нь түүний оронд хаан болов.
- 12:9 1Ха 10:16–17; 2Шс 9:15–16