Иосиагийн хаанчлал
(2Ха 22:1–2)
34 1 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Йерусалимд гучин нэгэн жил хаанчлав.* 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд үүнээсээ зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй. 3 Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Йерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм. 4 Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараан цацжээ.* 5 Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр шатааж, Иуда ба Йерусалимыг цэвэршүүлэв.* 6 Манассе, Ефраим, Симеоны хотууд болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгасуудад ч 7 тахилын ширээнүүдийг тэр нурааж, Ашерагийн модон шон ба сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израил газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчиж хаяв. Тэгээд тэрээр Йерусалим руу буцжээ.
Хуулийн ном олдсон нь
(2Ха 22:3–20)
8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэршүүлсний дараа буюу хаанчлалынхаа арван наймдугаар онд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, зөвлөх Иоахазын хүү Иоа нарыг илгээв. 9 Тэд тэргүүн тахилч Хилкиа руу очоод, Бурханы өргөөнд авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилын үлдсэн бүх хүнээс мөн бүх Иуда, Бениамин хийгээд Йерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв. 10 Тэд ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт уг мөнгийг өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. 11 Тэр мөнгийг тэд зассан чулуу ба залган сэлбэхэд ашиглах гуалин худалдаж авахад мөн Иудагийн хаадын сүйрүүлж орхисон барилгуудад дүнз хийхэд зориулж мужаан, барилгачдад эргүүлэн өгчээ. 12 Хүмүүс нь ажлаа итгэмжтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон хөгжимд мэргэшсэн левичүүд байв. 13 Тэд бас ачаа зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн ажилчид бүгдийг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон гулдан хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.
14 ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тэд гаргах үеэр, Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ. 15 Хилкиа, гүүш Шафанд
—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ. 16 Тэгээд Шафан номыг хаанд авчрав. Түүнээс гадна тэрээр хаанд
—Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа. 17 Тэд өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж, ЭЗЭНий өргөөг хариуцагч ба ажил хийгчдийн гарт даатгав гэв. 18 Үүнээс гадна гүүш Шафан, хаанд
—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гээд Шафан уг номоос хаанд уншжээ.
19 Хаан тэрхүү хуулийн үгсийг сонсоод хувцсаа урав. 20 Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон,a гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан
— 21 Явж, миний төлөө болон Израил ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Эцэг өвгөд маань энэ номд бичигдсэн бүхнийг дагаагүй, ЭЗЭНий үгийг сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж их ажээ гэв.
Эш үзүүлэгч Хулдагийн зөвлөгөө
22 Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда руу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Йерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ. 23 Тэрээр тэдэнд
—Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над руу илгээсэн хүнд хэлэгтүн. 24 ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм. 25 Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв. 26 Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд 27 зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд хувцсаа уран Миний өмнө уйлж, Миний өмнө чи өөрийгөө үнэхээр даруусгасан учир Би чамайг сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28 «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд рүү аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй»” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав.
Гэрээг шинэчлэв
(2Ха 23:1–20)
29 Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Йерусалимын бүх ахмадыг цуглуулав. 30 Хаан ба Иудагийн бүх эрс, Йерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмэн ЭЗЭНий өргөө рүү явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэдний сонорт хаан уншив.
31 Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.b 32 Тэгээд тэрээр Йерусалимд болон Бениаминд байсан бүх хүнийг өөртэйгөө хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Ингэж Йерусалимын оршин суугчид, Бурханы гэрээний дагуу эцэг өвгөдийнхөө Бурханд ийнхүү ханджээ.
33 Иосиа, Израилын хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израилд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлэв. Түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.
- 34:1 Иер 3:6
- 34:4 2Ха 21:3; 2Шс 33:3
- 34:5 1Ха 13:2
- a34:20 2Ха 22:12-т Ахбор
- b34:31 2Ха 23:3 үз.