Харийн шүтээнийг устгав

31 1 Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израил хүн Иудагийн хотууд руу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго багануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилын хөвгүүд бүгд хотууд руугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.
2 Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээний гулдан хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэг бүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов. 3 Тэр бас өөрийн эд хөрөнгөнөөс шатаалт тахилд, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн өглөө, оройны шатаалт тахил, Амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолд зориулагдсан шатаалт тахилд хааны хувийг тогтоожээ.* 4 Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Йерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.* 5 Захирамж гарч тархмагц, Израилын хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.a 6 Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилын хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирч, овоолон тавив. 7 Гуравдугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав. 8 Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилыг талархан магтав. 9 Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа, тахилч нар болон левичүүдээс асуув. 10 Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан
—ЭЗЭНий өргөөнд хандив авчирч эхэлснээс хойш бид хангалуун идсэн бөгөөд илүү гарсан нь ч элбэг байна. Учир нь ЭЗЭН ард түмнээ ерөөсөн бөгөөд энэхүү үлэмж их хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.

Тахилч ба левичүүдийг дахин томилов

11 Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв. 12 Хүмүүс хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов. 13 Конаниа, Шимеи нарын мэдэл дор байх харгалзагчид нь Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар бөгөөд Хезекиа хаан болон Бурханы өргөөний ахлах түшмэл Азариа нар тэднийг томилжээ. 14 Зүүн талын гулдан хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг хуваарилах ажил болон Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв. 15 Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүст бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг итгэмжтэйгээр өгдөг байв. 16 Үүнээс гадна удмын бичигт тэмдэглэгдсэн гучинb наснаас дээших эрс буюу өдөр бүрийн үүргээ гүйцэтгэхээр ЭЗЭНий өргөөнд орж байсан хүн бүрд бүлгийнхээ дагуу гүйцэтгэсэн ажил үүрэгт нь зориулаад уг хувиуд тараагдаж байв. 17 Мөн эцгүүдийнхээ гэрийн дагуу удмын бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон хэсгүүдийн дагуу хувь өгчээ. 18 Удмын бичигт бүхий л чуулганы балчир хүүхэд, эхнэр, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд итгэмжтэйгээр өөрсдийгөө ариусгасан юм. 19 Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдэд эсвэл хот нэг бүрд, тахилч нарын дотроос эрчүүд бүгдэд, левичүүдийн дотроос удмын бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр тогтоосон юм.
20 Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ. 21 Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.


  • 31:3 Тоо 28:1—29:39
  • 31:4–5 Тоо 18:12–13,21
  • a31:5 Бэлэг нь тахилч нарт, аравны нэг нь левичүүдэд зориулагдсан байдаг. (Тоо 18 үз.)
  • b31:16 эсвэл гурван