19 1 Тэгээд Иудагийн хаан Иехошафат Йерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв. 2 Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд
—Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув. 3 Гэвч та энэ газраас Ашеротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Бурханыг эрэлхийлэхэд хандуулсан сайн зүйлс бас бий гэв.

Иехошафатын шинэчлэл

4 Ингээд Иехошафат Йерусалимд амьдран Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН өөд буцаан авчрав. 5 Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотод буюу хот тус бүрд шүүгчдийг томилов. 6 Тэрээр шүүгчдэд
—Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүнд бус, харин шүүлтийг үйлдэх үед чинь та нартай хамт байдаг ЭЗЭНд зориулан шүүдэг билээ. 7 Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус явдал, ялгаварлал, хээл хахууль авах гэж байдаггүй юм гэв. 8 Мөн Йерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар мөн Израилын эцгүүдийн бүлийн зарим тэргүүн нарыг ЭЗЭНий өмнө шүүлт явуулан Йерусалимын оршин суугчдын дундахa маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов. 9 Тэгээд тэр тэдэнд даалган
—Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн. 10 Өөрсдийн хотоосоо ахан дүүс чинь цус урсгасан хэрэг болон хууль, тушаал, зарлиг болон журмын талаар шүүлгэхээр ирэх бүрд та нар тэдэнд анхааруулах ёстой. Тэгвэл тэд ЭЗЭНий өмнө гэм буруутан болохгүй бас та нарын болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүй юм. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд тэгвэл та нар ч мөн гэм зэмгүй байх болно. 11 Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.


  • a19:8 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.