Сеннахерибын халдлага
(2Ха 18:13–37, 19:14–19,35–37; Иса 36:1–22, 37:8–38)

32 1 Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав. 2 Сеннахериб ирснийг мөн Йерусалим руу дайрахаар төлөвлөж байгааг Хезекиа үзээд, 3 тэрээр хотын гадна байдаг булгуудын усыг таслахаар өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран шийдэв. Тэд ч түүнд туслав. 4 Олон хүн цугларан
—Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гээд тэр дүүргээр урсдаг бүх булаг, сувгийг хаав. 5 Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв. 6 Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын гулдан хаалганы талбайд өөр лүүгээ цуглуулж, тэднийг урамшуулан ярихдаа
7 Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. 8 Түүнтэй хамт зөвхөн махбодын гар байгаа бол бидэнтэй хамт бидэнд туслах, тулалдаанд минь байлдах Бурхан ЭЗЭН маань байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.
9 Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Йерусалим руу, Иудагийн хаан Хезекиа болон Йерусалимд байсан бүх иудачууд руу зарц нараа илгээж
10 Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. “Та нар юунд найдаж, нэгэнт бүслэгдсэн Йерусалимд байсаар байна вэ? 11 «Бидний Бурхан, ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж, өлсгөж, цангааж үхэлд тушаах гэж байгаа бус уу? 12 Хезекиа чинь Иуда, Йерусалимд «Та нар нэг л тахилын ширээний өмнө сөгдөн мөргөж дээр нь утлага уугиулах ёстой» хэмээгээд Түүний мөргөлийн өндөрлөгүүд ба тахилын ширээнүүдийг нь зайлуулсан биз дээ? 13 Би болоод миний эцэг өвгөд, өөр газар нутгийн ард түмнийг яасныг та нар мэдэхгүй гэж үү? Тэдгээр үндэстнүүдийн бурхад миний гараас газар нутгаа аварч чадсан гэж үү? 14 Эцэг өвгөд маань тэдгээр үндэстнүүдийг бүрмөсөн устгахад, өөрийн ард түмнээ миний гараас аварч чадсан ядаж ганц бурхан тэдгээр бурхдын дунд байсан гэж үү? Ийм атал та нарын Бурхан, та нарыг гараас минь аварч чадна гэж үү? 15 Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөлд мөн түүнд бүү итгэ! Учир нь ямар ч үндэстэн ба хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, болон миний эцэг өвгөдийн гараас аварч чадаагүй. Иймд та нарын Бурхан, та нарыг гараас минь мөн аврах байх даа!” гэж хэлүүлжээ.
16 Түүний зарц нар ЭЗЭН Бурхан хийгээд Түүний зарц Хезекиаг үргэлжлүүлэн муулсаар байв. 17 Тэр мөн Израилын Бурхан ЭЗЭНийг доромжилж, Түүний эсрэг “Өөр газар нутаг, үндэстнүүдийн бурхад ард түмнээ миний гараас аварч чадаагүй. Үүнтэй адил Хезекиагийн Бурхан ч ард түмнээ миний гараас аварч чадахгүй” гэх үгтэй захидлуудыг бичсэн байв. 18 Тэд хэрэм дээр байсан Йерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлж, хотыг авахыг санаархан тэдэн рүү үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирлаа. 19 Тэд Йерусалимын Бурханы талаар ярихдаа, хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмний бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярьцгаав.

Сеннахерибын ялагдал ба үхэл

20 Үүнээс болоод Хезекиа хаан, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа нар залбиран тэнгэр өөд хашхирцгаав. 21 ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжид ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ. 22 ЭЗЭН, Хезекиаг болон Йерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас мөн бүх дайсны гараас аварч, тэднийг тал бүрээс нь дэмжжээ. 23 Олон хүн Йерусалимд ирж, ЭЗЭНд өргөл, Иудагийн хаан Хезекиад үнэт зүйлс авчирч өгчээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.

Хезекиагийн өвчин
(2Ха 20:1–3,12–19; Иса 38:1–3, 39:1–8)

24 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв. 25 Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Йерусалимын дээр буув. 26 Харин Хезекиа болон Йерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг даруусгасан учраас ЭЗЭНий уур хилэн Хезекиагийн өдрүүдэд тэдний дээр буусангүй.

Хезекиагийн эд баялаг
(2Ха 20:20–21)

27 Хезекиа үлэмж их баялагтай бас нэр хүндтэй байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, анхилуун тос, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг 28 мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж бас бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ. 29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялаг өгсөн билээ. 30 Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал руу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүхэндээ амжилт олжээ.
31 Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм.
32 Хезекиагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн сайн үйлс нь, харагтун, бүгд Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израил ба Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ. 33 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт тавив. Бүх Иуда болон Йерусалимын оршин суугчид түүний үхэлд хүндэтгэл үзүүлэв. Түүний хүү Манассе оронд нь хаан болов.