5 1 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа өргөсөн алт, мөнгө болон сав суулгуудыг Соломон авчирч, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавилаа.*

ЭЗЭНий авдрыг өргөөнд залав
(1Ха 8:1–9)

2 Дараа нь Соломон, ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахын тулд Израилын ахмадууд болон бүх овгийн удирдагчид буюу Израилын хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүлэгчдийг Йерусалимд цуглуулав.* 3 Израилчууд бүгд долдугаар сард, баяр наадмаар хааны өмнө цугларав. 4 Ингээд Израилын ахмадууд бүгд ирж, левичүүд авдрыг өргөж авлаа. 5 Тахилч нар ба левичүүд авдар, уулзалтын майхан ба дотор нь байсан бүх ариун эд зүйлийг авчрав. 6 Соломон хаан болон түүний өмнө, авдрын өмнө хүрэлцэн ирсэн Израилын хотол түмэн тоолж тооцоолж барамгүй олон хонь, үхрээр тахил өргөв. 7 Тэгээд тахилчид ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газарт, херүбүүдийн далавчин доор байранд нь заллаа. 8 Херүбүүд авдар байгаа газрын дээгүүр далавчаа дэлгэсэн тул авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 9 Дамнуургууд урт байсан тул үзүүрүүд нь дотоод ариун танхимын наана байх ариун танхимд харагдаж байсан боловч тэдгээр нь гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндээ бий. 10 Израилын хөвгүүд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.* 11 Тахилчид ариун газраас гарцгааж, (Тэнд байсан бүх тахилч бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв.) 12 Левийн бүх дуучин буюу нарийн маалинган дээл өмссөн, Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба ах дүүс цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилчдын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ. 13 Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.* 14 ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилчид үйлчлэлээ хийхээр орж чадахгүй байлаа.*


  • 5:1 2См 8:11; 1Шс 18:11
  • 5:2 2См 6:12–15; 1Шс 15:25–28
  • 5:10 Дх 10:5
  • 5:13 1Шс 16:34; 2Шс 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11
  • 5:13–14 Гэт 40:34–35