Ахазиагийн хаанчлал
(2Ха 8:25–29, 9:21–28)
22 1 Арабуудын хамт хуаран руу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Йерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ. 2 Ахазиа хаан болохдоо дөчин хоёрa настай байсан бөгөөд Йерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Омригийн ач охин Аталиа гэдэг байв. 3 Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг буруу мууг үйлдэхэд нь зөвлөгч болж байв. 4 Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Учир нь эцгийнх нь үхлээс хойш тэд түүнийг сүйрэлд хүртэл нь зөвлөгч болж байлаа.
5 Тэрээр тэдний зөвлөгөөг дагаж, Израилын хаан Ахабын хүү Иорамын хамт Рамот-Гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамчууд Иорамыгb шархдуулав. 6 Тиймээс Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байхдаа олсон шархаа эмчлүүлэхээр тэрээр Иезреел рүү буцжээ. Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел рүү явжээ.
7 Ахазиагийн сүйрэл Иорам руу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв. 8 Иехү Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов. 9 Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.
Аталиа хаан ширээг эзлэн авав
(2Ха 11:1–3)
10 Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 11 Харин хааны охин Иехошабеат нь Ахазиагийн хүү Иоашийг, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авсан юм. Тэрээр хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат нь (Ахазиагийн эгч байсан тул) түүнийг Аталиагаас нууснаар энэ эмэгтэйд тэр алагдаагүй юм. 12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.
- a22:2–3 ЭЗО: хорин хоёр (мөн 2Ха 8:26 үз.)
- b22:5 Иорамыг эсвэл Иехорам