Зүүн зүгээс халдав

20 1 Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийнa хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв. 2 Хэсэг хүн ирж, Иехошафатад мэдээлж
—Далайн чанадаас, Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун, тэд Хазазон-Тамарт буюу нөгөө Енгедид байна гэв.
3 Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав. 4 Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг эрэлхийлэхээр тэд Иудагийн бүх хотоос ирэв.

Иехошафатын залбирал ба ялалт

5 Тэгээд Иехошафат Иуда болон Йерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод, 6 залбиран
—Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул хэн ч Таны эсрэг зогсож үл чадна. 7 Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилын өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү?* 8 Тэд энд амьдарч, Таны нэрд зориулан Танд энд ариун газрыг барьж хэлэхдээ, 9 “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшигт муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод, (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа) зовлон шаналал дундаас Тан руу хашхирах аваас Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ. 10 Одоо харагтун, Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүд иржээ. Израилчууд Египетийн газраас гарах үед Та тэдэнд энэ хүмүүсийн нутагт орохыг нь зөвшөөрөөгүй тул израилчууд тэднийг устгалгүй тойрсон билээ.* 11 Гэвч бидэнд өв болгон Таны өгсөн эзэмшлээс одоо биднийг хөөн зайлуулах гээд ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг Та хараач. 12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ. 13 Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.
14 Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ. 15 Тэрээр
—Бүх Иуда, Йерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантан минь, сонсогтун. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.* 16 Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно. 17 Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Йерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ.* 18 Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Йерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав. 19 Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилын Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.
20 Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл рүү хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож
—Иуда болон Йерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа ЭЗЭН Бурхандаа өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв. 21 Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж
—ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. 22 Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов. 23 Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг олзолж авсны дараа нэг нэгнээ дайрч, алж устгажээ.
24 Иудачууд цөлийн харуулын цамхаг руу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, нэг нь ч амьд гараагүй байв. 25 Иехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас, үнэт зүйлсb зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав. 26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг ерөөн магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийн өдрийг хүртэл “Беракагийнc хөндий” гэж нэрлэсэн юм. 27 Иуда болон Йерусалимын бүх хүн Иехошафатаар тэргүүлүүлэн Йерусалим руу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм. 28 Тэд Йерусалимд ЭЗЭНий өргөөнд босоо ятга, ятга, бүрээн дуутай ирцгээв. 29 Израилын дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмөрчээ. 30 Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талаар түүнийг амар жимэр болгожээ.

Иехошафатын хаанчлал төгсөв
(1Ха 22:41–50)

31 Иехошафат Иудаг ийнхүү захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Йерусалимд хаанчилжээ. Түүний эх Шилхигийн охин Азуба юм. 32 Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнан ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, эс гажив. 33 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд устаагүй байв. Ард түмэн зүрх сэтгэлээ эцэг өвгөдийнхөө Бурханд хараахан хандуулаагүй байлаа. 34 Иехошафатын бусад үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилын Хаадын номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.
35 Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилын хаан Ахазиатай нэгдэв. Ингэж тэрээр бурууг үйлдэв. 36 Иехошафат Таршиш руу явах хөлөг онгоц хийхээр түүнтэй нэгдэж, тэд Езион-Геберт онгоцнуудыг хийв. 37 Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж
—Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс тэдний хөлөг онгоцнууд сүйрч, Таршиш руу явж чадсангүй.


  • a20:1 эсвэл аммончууд
  • 20:7 Иса 41:8; Иак 2:2
  • 20:10 Дх 2:4–19
  • 20:15–17 Дх 20:1–4
  • 20:17 Гэт 14:13–14
  • b20:25 ЭЗО: мал сүрэг
  • c20:26 Берака: евр. “ерөөл” гэсэн утгатай.