ЭЗЭНий цог жавхлан Йерусалимыг орхив
10 1 Тэгээд би харлаа. Харагтун, херүбүүдийн толгой дээрх огторгуйн мандалд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байв.* 2 Тэрээр маалинган хувцас өмссөн хүнд
—Херүбүүдийн доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херүбүүдийн дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.* 3 Өнөөх хүнийг нэвтрэн ороход херүбүүд нь сүмийн баруун талд зогсож байлаа. Тэгээд дотоод хүрээг үүл дүүргэв. 4 Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херүбээс дээшлэн сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв. 5 Түүнээс гадна, херүбүүдийн далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.
6 Тэгээд Тэрээр маалинган хувцас өмссөн хүнд тушаан
—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херүбүүдийн хоорондоос галыг ав хэмээхэд өнөөх нь дотогш орж, дугуйны дэргэд зогсов. 7 Тэгэхэд херүбүүдийн дунд байсан гал руу нэг херүб нь херүбүүдийн хоорондоос гараа сунган галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр алган дээр түүнийг тавив. Тэр түүнийг нь аваад гарав. 8 Херүбүүдийн далавчных нь доор хүний гарын дүрстэй юм харагдав.
9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, херүбүүдийн дэргэд дөрвөн дугуй, херүб болгоны дэргэд нэг нэг дугуй байлаа. Дугуйнуудын төрх нь биндэрьяаны гялбаа шиг байв.* 10 Дүр төрх нь гэвээс тэд дөрвүүлээ нэг адил, дугуйны дотор дугуй буй мэт байв. 11 Тэд хөдлөн, дөрвөн зүгийн алийг нь ч чиглэн явахдаа эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, чиглэсэн зүгээ даган явж байв. 12 Бүхий л бие, нуруу, гар, далавч нь бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.* 13 Намайг сонсож байхад тэр эргэлдэгч дугуйнууд “Эргэлдэгч дугуйнууд” хэмээн дуудагдлаа. 14 Херүб тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херүбийн нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр, мөн дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.*
15 Тэгээд херүбүүд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биетүүд юм. 16 Херүбүүдийг явахад дугуй ч хажууд нь явдаг. Мөн херүбүүдийг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуй ч эргэж, эс салан дэргэд нь байв. 17 Херүбүүдийг тогтуун зогсох үед дугуй ч тогтуун зогсож, дээшээ хөөрөхөд нь дугуй ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биетүүдийн сүнс тэдний дотор байсан.
18 Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херүбүүдийн дээр тогтлоо. 19 Херүбүүд нь одохдоо нүдний минь өмнө далавчаа дэлгэн дэргэдэх дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход нь Израилын Бурханы цог жавхлан дээр нь байв.
20 Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилын Бурханы доор миний үзсэн амьд биетүүд юм. Тиймээс би тэднийг херүбүүд мөн болохыг мэдэв. 21 Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Далавчных нь доор хүний гар мэт хэлбэртэй юм байв. 22 Тэдгээрийн нүүрний төрх нь, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр царай төрхтэй адил байв. Тус бүр чигээрээ урагшлав.
- 10:1 Езк 1:26; Илч 4:2
- 10:2 Илч 8:5
- 10:9–13 Езк 1:15–21
- 10:12 Илч 4:8
- 10:14 Езк 1:10; Илч 4:7