Бурханы зөвт шүүлт

14 1 Дараа нь Израилын зарим ахмадууд над руу ирж, миний өмнө суув. 2 ЭЗЭНий үг надад ирж,
3 Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? 4 Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад эш үзүүлэгч дээр очдог, Израилын гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар хариулна. 5 Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилын гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.
6 Тиймээс Израилын гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул. 7 Учир нь Израилын гэрийн эсвэл Израилд түр сууж буй цагаач ямар ч хүн Надаас тусгаарлаж, шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад, Надаас асуулгахаар эш үзүүлэгч дээр очвол ЭЗЭН Би түүнд Өөрөөсөө хариулна. 8 Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйрлэл болгон ард түмнийхээ дундаас түүнийг тасална. Ингээд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 9 Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилын дундаас түүнийг устгана. 10 Тэд гэм буруугийнхаа шийтгэлийг үүрэх бөгөөд эш үзүүлэгчийн хилэнц нь асуугч нэгний хилэнцийн адил байна. 11 Энэ нь Израилын гэр хойшид Намайг дагахаас эс хазайж, хамаг гэмт үйлдлээрээ ч дахин эс бузарлагдахын тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би Бурхан нь болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
12 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, 13 “Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт 14 Ноа, Даниел,a Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол 16 тэнд эдгээр гурван хүн байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Тэд өөрсдөө л аврагдаж харин тэр нутаг эзгүйрэх байсан. «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17 Эсвэл Би тэр нутагт илд авчирч «Илд уг нутгийг дайран өнгөрч, Би тэндээс хүн, амьтныг тасалъя» гэж айлдах аваас 18 энэ гурван хүн тэнд байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Зөвхөн өөрсдөө л аврагдах байсан. «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
19 Эсвэл Би тэр нутагт гамшиг явуулж, хүн, амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор хилэнгээ түүн дээр цутгаваас 20 Ноа, Даниел, Иов гурав тэнд байлаа ч тэд хөвгүүд, охидоо ч аварч үл чадна. Тэд зөвт байдлаараа өөрсдийгөө л аварч чадах байсан. «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
21 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Йерусалимд хэр их илгээх юм бэ?* 22 Гэсэн ч харагтун! Тэнд үлдэгсэд байх болно. Хөвгүүд охид гаргагдаж ирнэ. Тэднийг та нар дээр ирэхэд та нар тэдний замнал, үйлсийг нь үзээд, Йерусалим дээр Миний буулгасан гай гамшиг, Миний буулгасан бүх зүйлийн тухайд тайвшрал олно. 23 Тэгээд та нар тэдний замнал, үйлсийг нь харж, тэд та нарыг тайвшруулна. Учир нь Би Йерусалимд ямар ч утга учиргүйгээр энэ бүхнийг үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


  • a14:14 Даниел: Зөвт амьдралаараа олноо танигдсан хүн.
  • 14:21 Илч 6:8