Израилын эсэргүүцэл үргэлжилсээр
20 1 Долдугаар оны тавдугаар сарын арванд Израилын хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. 2 ЭЗЭНий үг надад ирж
— 3 Хүний хүү чи, Израилын ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” 4 Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж, 5 “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилыг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би ЭЗЭН, та нарын Бурхан» гэж айлдаж тэдэнд тангарагласан.* 6 Би тэднийг Египетийн нутгаас гаргахдаа бүх газрын сор болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд сонгож, тэднийг тийш нь аваачина гэж тэр өдөр Өөрөө андгайлсан. 7 Би тэдэнд «Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би ЭЗЭН, та нарын Бурхан» гэж айлдсан. 8 Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй.
Тэгээд Би «Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана» гэсэн юм. 9 Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийнхүү үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. 10 Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. 11 Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл амьд байна.* 12 Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.* 13 Гэвч Израилын гэр цөлд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь яваагүй. Хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч тэд татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав.
Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад нь хилэнгээ дээрээс нь асгана гэсэн. 14 Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдсэн билээ. 15 Тэгээд Би тэдэнд өгсөн нутаг буюу бүх газрын сор болох сүү балаар бялхсан тэр нутагт тэднийг аваачихгүй гэж цөлд тэдэнд Өөрөө андгайлсан. 16 Учир нь тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар явалгүй Амралтын өдрүүдийг минь буртагласан юм. Тэдний зүрх шүтээнүүдийнхээ араас дагав. 17 Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчхээгүй.
18 Би цөлд хүүхдүүдэд нь «Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла. 19 Би ЭЗЭН, та нарын Бурхан. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд. 20 Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг ЭЗЭН Бурхан чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно» гэсэн. 21 Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь явсангүй, хүн тэдгээрийг үйлдвэл амьд явах тогтоолуудыг минь ч сахин биелүүлээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан.
Тиймээс «Би цөлд тэдний эсрэг уураа гаргаж, тэдний дээр хилэгнэлээ цутгана» гэсэн. 22 Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн. 23 Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн.* 24 Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан юм. 25 Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн. 26 Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.”
— 27 Тиймээс, хүний хүү, чи Израилын гэртэй ярьж, тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эцэг өвгөд чинь Надад харш юм хийж Намайг доромжлов. 28 Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав. 29 Тэгээд Би тэдэнд ‘Та нарын очдог өндөр газарa юу вэ?’ гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг ‘Бама’ гэж дуудаж байсан.»”
30 Тиймээс Израилын гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү? 31 Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргажb байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилын гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
32 Та нар «Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно» гэж хэлдэг ч бодолд чинь буй зүйлс биелэхгүй.
Израилыг Бурхан сэргээнэ
33 «Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 34 «Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. 35 Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. 36 Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 37 «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна. 38 Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилын нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
39 Израилын гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
40 Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул,c Израилын өндөр уулан дээр, тэнд Израилын хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. 41 Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно. 42 Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилын нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 43 Бузарласан замууд ба үйлдлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно. 44 Израилын гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”
Негевийн эсрэг эш үзүүллэг
45 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
— 46 Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийнd ойтой газрын эсрэг эш үзүүл. 47 Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. 48 ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй»” гэж хэл гэв. 49 Тэгээд би
—Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн зүйр, зүйрлэл л ярьж байдаг?” гэцгээж байна гэлээ.
- 20:5–6 Гэт 6:2–8
- 20:11,13 Лев 18:5
- 20:12 Гэт 31:13–17
- 20:23 Лев 26:33
- a20:29 өндөр газар: Еврейчүүдийн цээрлэдэг байсан буруу шүтлэгтний мөргөлийн газар. Евр. явах газар гэснээс гаралтай.
- b20:31 гал дундуур гаргах: Шүтээнд тахил болгон галд шатаах гэсэн утгатай.
- c20:40 ариун уул: ЭЗЭНий өргөө болон ордны хэсэг болсон Йерусалим дахь толгод буюу Сион уул.
- d20:46 эсвэл өмнө зүгийн