Гогийн эзлэн түрэмгийлэл
38 1 ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
— 2 Хүний хүү чи, Магогийн газрын Мешех ба Тубалын тэргүүн ноёнa Гог руу нүүрээ чиглүүлж түүний эсрэг эш үзүүл.* 3 “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноён болох Гог оо, Би чиний эсрэг байна. 4 Би чамайг эргүүлж, эрүүнд чинь дэгээнүүд зоож, чамайг цэрэг, морь, морьтон бүрэн зэвсгээр хувцасласан бүхэнтэй чинь бас илд ба халхавч бамбайтай их чуулгантай чинь гаргаж авчирна. 5 Перс, Этиоп, Пут тэдэнтэй хамт байна. Тэд бүгд бамбай, дуулгатай. 6 Гомер бүх цэрэгтэйгээ, Бет-Тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс хамаг цэрэгтэйгээ ирэх ба чамтай хамт олон ард түмэн байна.
7 Бэлэн байгтун. Чи ба чам руу цугларсан хамаг чуулган чинь өөрсдийгөө бэлтгэг. Чи хамгаалагч нь бол. 8 Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газарт та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Үргэлж балгас байсан Израилын уулс руу оршин суугчид нь олон үндэстнээс цуглуулагдаж ирнэ. Хүмүүсийг нь үндэстнүүдийн дундаас авчрах бөгөөд тэд бүгд аюулгүй амьдарна. 9 Чи гарч шуурга мэт дайрна. Чи ба хамаг цэрэг чинь, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил болно.»
10 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр өдөр зүрхэнд чинь бодлууд төрж, чи ёрын муу төлөвлөгөө сэднэ. 11 ‘Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл ба гулдан хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно. 12 Олз авч, тонон дээрэмдэж, эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг мөн үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг гараа эргүүлнэ’ гэж чи хэлэх болно. 13 Шеба, Дедан, Таршишийн худалдаачид ба хамаг тосгоныхоо дайчин эрсийн хамтаар чамаас ‘Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө, алтыг зөөж, мал, эд хөрөнгийг булаан их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?’ хэмээн асууна.»”
14 Тиймээс эш үзүүл, хүний хүү! Гогт хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израил аюулгүй амьдрах тэр өдөр чи үүнийг мэдэх болно. 15 Чи ба чамтай хамт морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэрэг болох олон ард түмэн бүгд, умардын хамгийн алсаас, өөрийн газраас гарч ирэх болно. 16 Миний ард түмэн Израилын эсрэг чи газрыг бүрхэх үүл адил дайрна. Гог оо, эцсийн өдрүүдэд Би чамайг нутгийнхаа эсрэг авчрах бөгөөд чамаар Өөрийнхөө ариуныг тэдний нүдэнд толилуулах үед үндэстнүүд Намайг мэдэх болно.»
Гогт оноох шүүлт
17 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц болох Израилын эш үзүүлэгчдээр дамжуулан айлдаж, тэдгээр эш үзүүлэгчдээр дамжуулан ‘Би чамайг тэдний эсрэг авчрах болно’ гэж олон жилийн турш эш үзүүлж байсан биш үү? 18 Израилын газрын эсрэг Гог ирэх үед, тэр өдөр хилэн минь Миний дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19 «Тэр өдөр Израилын нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би зүтгэл хийгээд дүрэлзэж буй хилэн дотроо тунхаглаж байна. 20 Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно. 21 Би бүх уулан дээрээ түүний эсрэг илд дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байна. 22 Би тахал, цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр, түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно. 23 Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстний нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
- a38:2,3 эсвэл Рош, Мешех, Тубалын ноён
- 38:2 Илч 20:8