Хуурамч эш үзүүлэгчдийн тухайд

13 1 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
2 Хүний хүү чи, эш үзүүлж буй Израилын эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хэл. “ЭЗЭНий үгийг сонсогтун! 3 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийнхөө санааг дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ! 4 Израил аа, эш үзүүлэгчид чинь балгасан дахь цөөврүүд адил байсан. 5 Та нар цөмөрхийнүүд рүү ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилын гэрийг тойруулан хана ч босгоогүй. 6 Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ‘ЭЗЭН тунхаглаж байна’ гэж хэлж, худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна. 7 Намайг айлдаагүй байхад ‘ЭЗЭН тунхаглаж байна’ гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.
8 Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдав. “Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 “Тиймээс мутар минь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байна. Тэд ард түмний минь чуулалд ч байхгүй, Израилын гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилын нутагт ч орохгүй. Та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно. 10 Учир нь тэд үнэндээ амар тайван биш атал «Амар тайван» гэж хэлж ард түмнийг минь мэхэлсэн юм. Хэн нэгэн нь хана барихад, харагтун, тэд түүнийг шохойддог юм.* 11 Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно, мөндөр ч унана. Хуй салхи гарах болно. 12 Харагтун, хана нь нурж унахад «Та нар үүнийг шохойдсон бус уу?» гэж та нараас асуух биш үү?” 13 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна. 14 Тиймээс шавраар шавсан ханыг чинь нурааж, түүнийг газарт унагаснаар түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Үүгээр Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ. 15 Тийнхүү Би хана ба түүнийг шохойдогчид дээр хилэнгээ гүйцээнэ. Тэгээд Би та нарт ингэж хэлэх болно. «Хана ч алга болж, түүнийг шохойдогчид ч байхгүй болов. 16 Йерусалимд эш үзүүлэн амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилын эш үзүүлэгчид ч алга болов»” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17 “Харин хүний хүү чи, зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг нүүрээ чиглүүлэн тэдний эсрэг эш үзүүлж, 18 ийнхүү хэл. «Эзэн БУРХАН айлдахдаа ‘Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд гивлүүр хийгч эмэгтэйчүүд хөөрхий еэ! Та нар ард түмний минь амийг авлачхаад, харин өөрсдийнхөө амийг хадгалж чадах уу? 19 Худлыг сонсож буй ард түмэнд минь худал хэлснээрээ үхэх ёсгүй амийг үхүүлж, амьд үлдэх ёсгүй амийг амьд байлган, атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг ард түмний минь дунд буртаглав’ гэлээ»” гэв.
20 Түүнчлэн Эзэн БУРХАН ийнхүү айлдаж, “Харагтун, сүнснүүдийг шувуу мэт авлах шидэт уяаны чинь эсрэг Би байгаа. Би тэдгээрийг гараас чинь тасална. Шувуу мэт та нарын агнах тэр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг ч Би явуулах болно. 21 Би бас гивлүүрүүдийг чинь хуу татаж, ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Тэд, авлагдахаар гарт чинь хойшид орохгүй. Та нар Намайг үүгээр ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 22 Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхад нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан. 23 Тиймээс та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


  • 13:10 Иер 6:14, 8:11