Ихэмсэг хуш мод
31 1 Арван нэгдүгээр оны гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж
— 2 Хүний хүү чи, Египетийн хаан Фараонд ба олон түмэнд нь өгүүл.
“Сүр жавхлангаараа чи хэнтэй зэрэгцэх вэ?
3 Харагтун, Ассири нь Ливанд хуш байлаа
Үзэсгэлэнт мөчиртэй, ойн сүүдэртэй,
Өндөр бөгөөд үүл хүрсэн оройтой байлаа.
4 Ус түүнийг ургуулж,
Оёоргүйн ус түүнийг өндөр болгосон.
Гол усаа түүний суулгагдсан газруудаар урсгаж
Хээр талын хамаг мод руу сувгуудаа илгээсэн.
5 Илгээсэн арвин их усных нь улмаас
Тэрээр талын хамаг модноос илүү өндөр,
Гишүүд нь олон, мөчрүүд нь урт болжээ.
6 Түүний гишүүд дотор
Тэнгэрийн шувуу бүхэн үүрлэж,
Түүний мөчрүүдийн дор
Хээрийн аливаа араатан төрж,
Агуу үндэстэн бүхэн сүүдэрт нь амьдарсан.
7 Тиймээс тэрээр агуу байдал дотроо,
Мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болж,
Үндэстнүүд нь арвин их ус руу сунасан билээ.
8 Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэхгүй.
Жодоонууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй.
Шүү модод ч салаа мөчиртэй нь эгнэшгүй.
Бурханы цэцэрлэгт буй ямар ч модыг
Түүний үзэсгэлэнтэй харьцуулшгүй байв.*
9 Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь
Үзэсгэлэнтэй болгосон тул,
Бурханы цэцэрлэгт байсан
Едений хамаг мод түүнд атаархсан.
10 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэрээр өндөрт өргөгдөн оройгоо үүлэн дунд хүргэж, зүрх нь сүрээрээ бардамнасан учраас 11 үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт Би түүнийг тушаана. Тэр түүнд гэм буруугийнх нь дагуу бүрэн үйлдэнэ. Би түүнийг хөөн зайлуулсан. 12 Аймшигтай үндэстнүүдээс гарсан гаднынхан түүнийг таслан хаяж, мөчрүүд нь уулсын дээр, хамаг хөндийд унаж, гишүүд нь нутгийн хамаг жалга дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмэн энэ модны сүүдэр дороос гарч яван түүнийг орхив. 13 Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувуу амьдарч, унасан мөчрүүд дээр нь хээрийн бүх араатан байх болно. 14 Тийнхүү усны дэргэдэх бүх мод өндрөөрөө үл бардамнана, оройгоо үүлэнд эс хүргэнэ. Сайтар услагдсан хүчит модод тийм өндөр болохгүй. Учир нь тэд бүгд үхэлд, нүхэнд орогч хүний хөвгүүдийн хамт доорх газар луу өгөгдсөн билээ.»
15 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр хуш доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг оёоргүй гүнээр хааж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснуудыг зогсоосон. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг мод түүнээс болж хатаж үгүй болов. 16 Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэл сайн моддыг газар дор амсхийлгэв. 17 Тэд бас Үхэгсдийн орон руу, илдэнд алагдагсад руу буун оржээ. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан.
18 Едений моддын дундаас алдар, агуу байдлаараа чи алинтай нь адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт, хозлуулаагүй хүмүүсийн дунд хэвтэх болно. Фараон ба хамаг олон түмэн нь тийм болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
- 31:8 Эх 2:9