Египетийн төлөөх харуусал

30 1 ЭЗЭНий үг дахин надад ирж,
2 Хүний хүү чи, эш үзүүлж, хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Уйл. Тэр өдөр гаслантай яа!
3 Учир нь тэр өдөр ойрхон,
ЭЗЭНий өдөр ч ойрхон байна.
Энэ нь үүлтэй өдөр,
Үндэстнүүдийн мөхлийн цаг.
4 Египет дээр илд бууж,
Этиопт зовлон зүдүүр болно.
Египетэд алагдагсад унах үед
Баялгийг нь тэд авч одно
Сууриуд нь нуран унах болно.

5 Этиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи
Гэрээний нутгийн хөвгүүд
Тэдэнтэй хамт илдэнд унана.»

6 ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж,
Хүч чадлынх нь бахархал доош унана.
Мигдолоос Сиене хүртэл
Тэд дунд нь илдэнд алагдана» гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
7 «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,
Хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.
8 Би Египетэд гал тавьж,
Бүх тулгуур нь устгагдах цагт
Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9 Амар тайван буй Этиопыг айлгахаар тэр өдөр Би элч нарыг усан онгоцоор илгээнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр бууна. Харагтун, тэр нь айсуй.»

10 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Би Вавилоны хаан Небухаднезарын гараар
Египетийн олон түмнийг үгүй болгоно.
11 Үндэстнүүдээс хамгийн харгис нь болох
Тэр ба түүний ард олон хамтдаа
Тэр газрыг устгахын тулд орж ирэх болно.
Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугална
Тэгээд тэр газрыг алагдагсдаар дүүргэнэ.
12 Би Нилийн сувгуудыг хатаан
Муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдана.
Би гаднынхны гараар тэр нутгийг
Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ.
ЭЗЭН Би айлдсан.»

13 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Би бас шүтээнүүдийг эвдэж,
Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно.
Египетийн нутагт дахин ноён гарахгүй.
Би Египетийн газарт айдсыг өгөх болно.
14 Би Патросыг хоосруулж,
Зоанд гал тавьж,
Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.
15 Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж,
Тебесийн олон түмнийг таслах болно.
16 Би Египетэд гал тавина.
Син нь зовлон зүдүүр дотор тарчлах болно.
Тебес эвдэрч,
Мемфис нь өдөр бүр гай зовлонтой байх болно.
17 Он ба Пибесетийн залуус илдэнд унаж
Эмэгтэйчүүд нь олзлогдох болно.
18 Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед
Тэнд өдөр нь харанхуй болно.
Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.
Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.
19 Тийнхүү Би Египетэд шүүлтийг гүйцэлдүүлж,
Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
Фараоны эсрэг тунхаглал
20 Арван нэгдүгээр оны нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,
21 Хүний хүү! Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эдгэх гэж боолт тавиулахгүй, ороолгохгүй тул илд барих хүчтэй болохын төлөө боолт хийлгэж чадахгүй. 22 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно. 23 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно. 24 Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, гарт нь илдээ өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө тэр ёолох болно. 25 Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 26 Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, тэднийг улсуудын дунд хөөн зайлуулах үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэв.