Шинэ сүмийн үзэгдэл

40 1 Бидний цөлөгдсөний хорин тав дахь оны эхэнд, тэр сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байлаа. Тэр намайг тэртээд авчрав. 2 Бурханы үзэгдлүүд дотор Израилын газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.* 3 Ийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр ба хэмжих саваа барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.* 4 Тэр хүн надад
—Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилын гэрт мэдүүл гэж хэлэв.
5 Харагтун, тэнд сүмийн гадна талд түүнийг хүрээлсэн нэгэн хэрэм байв. Нөгөө хүний гар дахь хэмжих саваа нь зургаан тохой урт бөгөөд тохой бүр нь үзүүр тохой хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, өндөр нь нэг саваа болов.* 6 Тэгээд тэр зүүн зүг рүү харсан гулдан хаалганд очиж, шатаар нь өгсөөд, хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. 7 Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хоорондох нь таван тохой болов. Дотоод хаалганы үүдэн танхимын босго нь нэг саваа байв. 8 Дотоод хаалганы үүдэн танхимыг тэрээр саваагаар хэмжив. 9 Тэрээр уг хаалганы үүдэн танхимыг хэмжихэд найман тохой, түүний хажуугийн баганан хананууд хоёр тохой өргөн байв. Гулдан хаалганы үүдэн танхим нь сүм рүү харсан байв. 10 Зүүн зүг рүү харсан гулдан хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн баганан хананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв. 11 Тэрээр гулдан хаалганы орох үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, уг үүдний зузаан нь арван гурван тохой байв. 12 Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв. 13 Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл хаалгыг хэмжихэд нэг үүднээс эсрэг талын үүд хүртэлх өргөн нь хорин таван тохой байв. 14 Тэрээр баганан ханыг хэмжсэнд жаран тохой өндөр болов. Баганан хана нь хашаа руу түрж орсон тул хаалга нь бүх талаараа хашаан дотор байв. 15 Гулдан хаалганы үүдний нүүрэн талаас гулдан хаалганы дотоод танхимын нүүрэн тал хүртэл тавин тохой байв. 16 Гулдан хаалганы баганан хана ба харуулын өрөөнүүд эргэн тойрондоо сараалжит цонхтой байсан бөгөөд үүдэн танхимд ч цонхнууд байлаа. Хажуугийн баганан хананууд дээр далдуу модыг сийлсэн байв.
17 Тэгээд тэр намайг гаднах хашаанд авчрав. Харагтун, тэнд хашааны эргэн тойронд танхимууд мөн засмал зам байв. Гучин танхим нь засмал зам руу харж байв. 18 Үүднүүдийн өргөнтэй адил засмал зам нь (энэ нь доодох засмал зам) гулдан хаалгануудын хоёр хажуугаар байв. 19 Тэгээд тэрээр гулдан хаалганы дотоод үзүүрээс дотоод хүрээний гадна хүртэлх өргөнийг хэмжихэд зуун тохой байв.a Зүүн ба хойд тал мөн адил байв.
20 Дараа нь тэрээр гаднах хашааны хойд зүг рүү харсан гулдан хаалганы урт, өргөнийг хэмжив. 21 Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Баганан хана болон үүдэн танхимууд нь эхний гулдан хаалгатай адил хэмжээтэй байв. Гулдан хаалганы урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байлаа. 22 Түүний цонх, үүдэн танхим, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг рүү харсан гулдан хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж хаалганд хүрэх бөгөөд урд талдаа үүдэн танхимтай байв. 23 Зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн гулдан хаалганы харалдаа дотоод хүрээний хаалга байв. Тэрээр хэмжсэнд гулдан хаалганаас дотоод хүрээний хаалга хүртэл зуун тохой байв.
24 Дараа нь тэр намайг өмнө зүг рүү дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт бас гулдан хаалга байсан. Тэрээр баганан хана ба үүдэн танхимуудын мөнөөх хэмжээнүүдийг мөн хэмжив. 25 Гулдан хаалга ба үүдэн танхимууд нь эргэн тойрондоо бусад гулдан хаалгануудынхтай адилхан цонхнуудтай байлаа. Гулдан хаалганы урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 26 Тэнд дээш өгсөх долоон гишгүүр, тэдгээрийн залгаа үүдэн танхимууд нь байв. Түүний хоёр талын хажуугийн баганан хананд далдуу модны сийлбэр байв. 27 Дотоод хүрээ нь өмнө зүг рүү харсан гулдан хаалгатай байв. Тэрээр өмнө зүгт харсан гулдан хаалганаас дотоод гулдан хаалга руу хэмжихэд зуун тохой байв.
28 Дараа нь тэр намайг өмнөд гулдан хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр дотоод хүрээний өмнөд гулдан хаалганы мөнөөх хэмжээнүүдийг мөн хэмжив. 29 Түүний харуулын өрөөнүүд, баганан хана, үүдэн танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Гулдан хаалга ба үүдэн танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Гулдан хаалга нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв. 30 Эргэн тойронд нь үүдэн танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв. 31 Үүдэн танхимууд нь гаднах хашаа руу харсан байв. Үүний хажуугийн баганан хананууд дээр далдуу модыг сийлсэн, шат нь найман гишгүүртэй байв.
32 Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр хүрээний гулдан хаалганы мөнөөх хэмжээнүүдийг мөн хэмжив. 33 Түүний харуулын өрөөнүүд, баганан хананууд, үүдэн танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Гулдан хаалга ба түүний үүдэн танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Гулдан хаалга нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байлаа. 34 Үүдэн танхимууд нь гаднах хашаа руу харжээ. Үүний хоёр хажуугийн баганан ханан дээр далдуу модыг сийлсэн, шат нь найман гишгүүртэй байв.
35 Дараа нь тэр намайг хойд зүгт байх гулдан хаалга руу авчрав. Тэрээр хүрээний гулдан хаалганы мөнөөх хэмжээнүүдийг мөн хэмжив. 36 Түүний харуулын өрөөнүүд, баганан хананууд, үүдэн танхимууд нь мөн адил ажээ. Гулдан хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Гулдан хаалганы урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв. 37 Баганан хананууд нь гаднах хашаа руу харжээ. Хоёр хажуугийн баганан ханан дээр далдуу модыг сийлсэн, шат нь найман гишгүүртэй байв.
38 Гулдан хаалганы баганан ханатай үүдэн хэсэгт нэг өрөө байлаа. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг аж. 39 Хойд гулдан хаалганы үүдэн танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг нядлах хоёр хоёр ширээ байв. 40 Хойд гулдан хаалганы үүдэн танхимын өгсүүр хэсгийн гадна хоёр ширээ байв. Тэр хаалганы үүдэн танхимын гадна нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ. 41 Гулдан хаалганы хоёр талд дөрөв, дөрвөн ширээ буюу тахилыг нядлах найман ширээ байжээ. 42 Шатаалт тахилд зориулсан цавчмал чулуун дөрвөн ширээний урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил ба бусад тахилыг нядлахад хэрэглэдэг багажийг тавьдаг аж. 43 Алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд эргэн тойронд нь тогтоосон байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.b
44 Дотоод гулдан хаалганы дэргэд, дотоод хүрээн дотор дуучдад зориулагдсан хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд гулдан хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүгт харсан, нөгөө нь зүүн гулдан хаалганы хажууд хойд зүг рүү харсан байв. 45 Тэр надад
—Өмнө зүг рүү харсан энэ танхим сүмийн үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. 46 Харин хойд зүг рүү харсан танхим нь тахилын ширээний үүргийг сахигч тахилч нарт зориулагдсан. Тэд бол Левийн хөвгүүдээс гаралтай Задокийн хөвгүүд бөгөөд тэд ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртдог гэв. 47 Тэрээр дотоод хүрээг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой тэг дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.

Сүм

48 Дараа нь тэр намайг сүмийн үүдэн танхимд авчирч, үүдэн танхимын баганан ханыг хэмжихэд хоёр талдаа тав, таван тохой байв. Хаалганы өргөн нь арван дөрвөн тохой, хаалганы хажуу тал нь гурав, гурван тохой байв. 49 Үүдэн танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван хоёр тохой байв. Түүний өгсөх шат арван гишгүүртэй агаад түүн дээр хажуугийн баганан ханануудын дэргэд хоёр тулгуур багана хоёр талд байв.


  • 40:2 Илч 21:10
  • 40:3 Илч 11:1, 21:15
  • 40:5—42:20 1Ха 6:1–38; 2Шс 3:1–9
  • a40:19 Эх бичвэрийн энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг.
  • b40:43 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.