41 1 Тэгээд тэр намайг гол танхимд авчран, үүдний ханыг хэмжихэд хоёр талдаа зургаа зургаан тохой байв. Энэ нь хажуу хэсгүүдийн урт юм.a 2 Орох үүдний өргөн нь арван тохой, орох үүдний хатавч нь хоёр талдаа тус бүр таван тохой байв. Тэр гол танхимын уртыг хэмжихэд дөчин тохой, өргөн нь хорин тохой байлаа. 3 Дотоод танхим руу цааш орж, үүдний ханыг хэмжихэд хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой өргөн байв. Үүдний хоёр хатавч нь долоон тохой байв. 4 Тэр дотоод танхимын уртыг хэмжихэд хорин тохой, өргөн нь хорин тохой байв. Тэр надад
—Энэ бол ариунаас ариун газар мөн гэж өгүүлэв.
5 Дараа нь тэр сүмийн ханыг хэмжихэд зургаан тохой зузаан болов. Сүмийн эргэн тойронд буй хажуугийн өрөөнүүдийн өргөн нь дөрвөн тохой байв. 6 Хажуугийн өрөөнүүд нь нэг нь нөгөөгийнхөө дээр гурван давхартай, давхар бүрд гучин өрөө байв. Хажуугийн өрөөнүүд нь сүмийн хананд бэхлэгдээгүй, харин эргэн тойрондоо тулгуураар бэхлэгдэж, хананаас тэлсэн байв. 7 Сүмийг хүрээлсэн хажуугийн өрөөнүүд нь давхар өгсөх тутамд илүү өргөн болж байв. Сүмийг хүрээлж байсан байгууламж нь сүмийн бүх талд давхар давхраар өгсөж байсан учраас дээшлэх тусам сүмийн өргөн нь ихэссэн байв. Тийнхүү доод давхраас дээд давхарт гарахад хоёр дахь давхраар дамжиж байв.b 8 Сүм нь эргэн тойрондоо өндөр тавцантайг би бас харлаа. Хажуугийн өрөөнүүдийн суурь нь өндрөөрөө үзүүр тохой саваа буюу зургаан тохой болов. 9 Хажуугийн өрөөнүүдийн гаднах хананы зузаан нь таван тохой байв. Харин сүмд хамаарах хажуугийн өрөөнүүд 10 ба гаднах барилгын хоорондох тусгаарлах зай нь сүмийн эргэн тойронд тал бүрд хорин тохой өргөнтэй байв. 11 Тусгаарлах зай руу харсан хажуугийн өрөөнүүдийн үүдний нэг нь хойд зүг, нөгөө нь өмнө зүг рүү харжээ. Тэр хэсэг нь хааш хаашаа таван тохой өргөн байв.
12 Баруун талд, сүм рүү харсан салангид барилга байсан бөгөөд барилгын өргөн нь далан тохой, барилгын хана эргэн тойрондоо таван тохой зузаан, түүний урт нь ерэн тохой байв.
13 Тэгээд тэр сүмийг хэмжихэд урт нь зуун тохой байв. Тусгаарлах зай ба салангид барилга, түүний хана нь нийт зуун тохой байв. 14 Сүмийн нүүрэн талын өргөн болон тусгаарлах зай нь зүүн зүг талдаа нийт зуун тохой байв.
15 Ард талд, сүм рүү харсан салангид барилгын нүүрэн талын дагуу барилгын уртыг хоёр талын ханануудтай нь хамт хэмжихэд мөн зуун тохой байв. Тэрээр гол танхим ба дотоод хүрээний үүдэн танхимуудыг бас хэмжив. 16 Босгонууд, сараалжин цонхнууд, тойрсон гурван давхар өрөөнүүд газраас цонх хүртэл бүх талаараа модоор бүрэгдсэн байв. (Гэхдээ цонхнуудыг бас бүрсэн байв.)c 17 Орох үүдний дээрээс дотоод танхим болон гадаад танхимын бүх ханыг эргэн тойронд нь хэмжээнүүдийнх нь дагуу модоор бүрсэн байв.d 18 Дээр нь херүбүүд хийгээд далдуу моддын сийлбэр байлаа. Херүбүүдийн хооронд далдуу модны сийлбэр байх ба, херүб нь хоёр нүүртэй, 19 нэг талын далдуу мод руу харсан нүүр нь хүний төрхтэй, нөгөө талын далдуу мод руу харсан нүүр нь залуу арслангийн төрхтэй байв. Тэдгээр нь сүмийн эргэн тойронд бүхэлдээ сийлээстэй байв. 20 Газраас үүдний дээд хүртэл мөн гол танхимын хананд херүбүүд хийгээд далдуу моддын сийлбэр байв.
21 Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв. 22 Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад
—Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв. 23 Гол танхим ба ариун газарт хоёр хаалга байлаа. 24 Хаалга тус бүр нь хоёр эвхмэл хавтастай. Нэг хаалганд хоёр хавтас, нөгөө хаалганд ч хоёр хавтас байв. 25 Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херүбүүд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдэн танхимын өмнө модон босго байв. 26 Үүдэн танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд ба далдуу моддын сийлбэр байв. Сүмийн хажуугийн танхимууд ба босгонууд ч бас тийм ажээ.e


  • a41:1 Эх бичвэрийн энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг.
  • b41:7 Эх бичвэрийн энэ эшлэл тодорхой бус.
  • c41:16 Эх бичвэрийн энэ эшлэл тодорхой бус.
  • d41:17 Эх бичвэрийн энэ эшлэл тодорхой бус.
  • e41:26 Эх бичвэрийн энэ эшлэл утга тодорхойгүй хоёр үгийг багтаасан байдаг.