Нүгэлт удирдагчдад ирэх шийтгэл

11 1 Сүнс намайг өргөж ЭЗЭНий өргөөний зүүн зүг рүү харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсанд ард түмний ноёд болох Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар дунд нь байхыг би үзлээ. 2 Тэр надад
—Хүний хүү, энэ хотод байгч хүмүүс ёс бусыг сэдэж, ёрын муу зөвлөгөө өгч, 3 “Байшин барих цаг нь болоогүй! Энэ хот бол тогоо, бид бол мах” хэмээдэг. 4 Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү чи, эш үзүүл гэв.
5 Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, надад
—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилын гэр ээ, та нарын юу хэлж, юу ухаан санаандаа бодож байгааг чинь Би мэднэ. 6 Та нар энэ хотод олныг алж, гудамжнуудыг нь алагдагсдаар дүүргэж байна.” 7 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан алагдагсад болбоос мах, энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэр дотроос гаргана. 8 Та нар илднээс айсан. Гэвч Би та нарын дээр илд авчирна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 “Би та нарыг тэр дундаас гаргаж, гаднынхны гарт тушааж, та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ. 10 Та нар илдэнд цохиулан унана. Би та нарыг Израилын хил хязгаар дотор шүүх бөгөөд үүгээр та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 11 Энэ хот та нарт тогоо биш, та нар ч түүний доторх мах болохгүй. Би Израилын хил хязгаар дотор та нарыг шүүнэ. 12 Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн ёс заншлын дагуу үйлдсэн” гэв.
13 Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран
—Аяа, Эзэн БУРХАН. Та Израилын үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ.

Израилыг ЭЗЭН сэргээнэ

14 Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж
15 Хүний хүү, ах дүү, хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилын бүхэл гэрийнхний тухайд Йерусалимын оршин суугчид “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн” гэлээ. 16 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байсан.” 17 Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, тараагдсан нутгуудаас чинь та нарыг буцаан авчраад, Израилын нутгийг Би та нарт өгнө. 18 Тэд тэнд ирэх цагт ой гутам хамаг юм, хамаг жигшүүрийг тэндээс зайлуулахдаа 19 Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь* 20 тэд Миний зарлигууд дор явж, тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. 21 Харин ой гутам, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь Би толгой дээр нь буцаан буулгана» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
22 Тэгээд херүбүүд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан бөгөөд Израилын Бурханы цог жавхлан дээр нь эргэлдэв.* 23 ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. 24 Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. 25 Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.


  • 11:19–20 Езк 36:26–28
  • 11:22–23 Езк 43:2–5