Йерусалимын бүслэлтийг дүрслэв

4 1 Одоо хүний хүү чи өөртөө нэг шавар тоосго авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Йерусалимыг сийлэгтүн. 2 Тэгээд түүний эсрэг бүслэлт байгуулж, бүслэх цамхаг барьж, овоолго далан босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. 3 Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүнд чиглүүл. Израилын гэрт өгөх тэмдэг энэ юм.
4 Ингээд чи зүүн талаараа хэвтэж, Израилын гэрийн хилэнцийг тэр тал дээр тавь. Хажуулдан хэвтэх хоногийнхоо тоогоор чи тэдний хилэнцийг үүрнэ. 5 Учир нь хилэнцийнх нь жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг Би чамд товлосон. Ийнхүү чи Израилын гэрийн хилэнцийг үүрэх болой. 6 Чи үүнийг дуусгаад хоёр дахь удаад нь баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн хилэнцийг үүрэгтүн. Би нэг жилийг нэг хоног болгон чамд дөчин хоногийг товлов. 7 Тэгээд чи Йерусалимын бүслэлт рүү нүүрээ чиглүүлж, нүцгэн гараа сунган түүний эсрэг эш үзүүл. 8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө тийш эргэж чадахгүй болно.
9 Гэвч чиний хувьд, буудай, арвай, вандуй, зармаг, хар будаа, хөц будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш түүнийг идэх ёстой. 10 Идэх хүнс чинь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг өдөр бүр цагтаа идэх ёстой. 11 Уух ус чинь хэмжээгээрээ хинийн зургааны нэг байж, чи үүнийг өдөр бүр цагтаа уух ёстой. 12 Чи үүнийг арвайн бин мэт болгож, нүднийх нь өмнө хүний баасаар шарж ид гэв. 13 Тэгээд ЭЗЭН
—Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилын хөвгүүд бузар хүнсээ идэхa болно гэж айлдав. 14 Дараа нь би
—Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, бие минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юм уу, сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв. 15 Тэгээд Тэр надад
—Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр талхаа бэлдэгтүн гэв. 16 Тэгээд Тэр надад
—Хүний хүү, харагтун, Би Йерусалимд хүнсний нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжин, хиртхийж уух болно. 17 Талх, ус хомс болно. Тэд бие биеэ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.


  • a4:13 бузар хүнс: Мосегийн хуулиар зарим төрлийн амьтны махыг идэх нь бузар агаад бузартсан гэж тооцогдоно. (Лев 11-р бүлэг).