Израилын харуул Езекиел
33 1 ЭЗЭНий үг надад ирж
— 2 Хүний хүү чи, ард түмнийхээ хөвгүүдтэй ярьж тэдэнд хэл. “Би нэгэн нутагт илд авчрахад, тэр нутгийн ард олон дундаасаа нэг хүнийг сонгож, харуулаа болгоно. 3 Нутагт нь илд ирж байхыг тэр хараад бүрээ татаж, ард олныг сэрэмжлүүлэх үед 4 хэн нэгэн нь бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг авахгүй бол, илд ирж түүнийг авч явсан ч цус нь өөрийнх нь толгой дээр байна. 5 Тэрээр бүрээн дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй. Түүний цус өөр дээр нь байна. Хэрэв сэрэмжлүүлгийг авсан бол амиа аврах байсан. 6 Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байх юм бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг нь авбал тэр хүн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.
7 Хүний хүү! Би чамайг Израилын гэрт харуул болголоо. Тиймээс чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. 8 Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ. 9 Харин чи буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэр хүн замаасаа эргэхгүй байваас тэрээр хилэнц дотроо үхнэ. Харин чи амиа аварна.
Бурханы энэрэл ба шударга нь
10 Хүний хүү чиний хувьд, Израилын гэрт өгүүл. “Та нар ярихдаа «Үнэхээр бидний гэмт үйлдэл, бидний нүгэл бидэн дээр буй. Бид нүгэл дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» гэцгээж байна.” 11 Тэдэнд хэл. “Би амьд! Эзэн БУРХАН тунхаглаж байна. Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилын гэр ээ?”
12 Хүний хүү чи, нутгийнхандаа “Зөвт хүний зөв нь гэм буруугийнх нь өдөрт түүнийг үл аварна. Буруутын гэм буруугийн хувьд, тэрээр гэм буруугаасаа эргэх өдөр түүнээсээ болж бүдрэхгүй. Мөн зөвт хүн ч нүгэл үйлдэх өдрөө зөвт байдлаараа амьд үлдэж үл чадна” гэж хэл. 13 Би зөвт хүнийг заавал амьд үлдэнэ гэж өөрт нь айлдсан боловч тэрээр зөвт байдалдаа хэт найдсаар гажуудлыг үйлдвээс хамаг зөв үйлс нь дурсагдахгүй. Харин үйлдсэн гажуудлынхаа дотор тэр үхэх болно. 14 Гэвч Би гэм буруут хүнд “Чи заавал үхэх болно” гэж айлдахад тэрээр нүглээсээ буцаж, шударга зөвийг үйлдээд, 15 тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй. 16 Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга зөвийг үйлдсэн. Тэр заавал амьд үлдэнэ.
17 Гэсэн ч нутгийнхан чинь “Эзэний зам нь буруу юм” гэж хэлдэг. Үнэндээ өөрсдийнх нь зам буруу байдаг. 18 Зөвт хүн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдвээс тэрээр түүн дотроо үхэх болно. 19 Буруу явдалт хүн харин гэм буруугаасаа эргэж шударга зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно. 20 Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” гэж хэлдэг. Израилын гэр ээ, Би хүн тус бүрийг чинь замналаар нь шүүх болно хэмээв.
Йерусалимын уналт
21 Бидний олзлогдсоны арван хоёрдугаар оны аравдугаар сарын таванд Йерусалимаас нэгэн дүрвэгч над дээр ирэн “Хот эзлэгдэв” гэж хэлэв.* 22 Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан юм. Өглөө болж түүнийг над руу ирэхийн өмнө Тэр миний амыг нээлээ. Ийнхүү миний ам нээгдээд, би дахин хэлгүй болсонгүй.
Иудагийн хэлтрэгсэд
23 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
— 24 Хүний хүү! Израилын газар дахь тэр балгасуудад амьдрагчид нь “Абрахам ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Харин бид олуулаа тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдөх нь лавтай” хэмээж байна. 25 Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд рүү нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу? 26 Та нар илдэндээ найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн хүн бүр чинь хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх юм уу?»”
27 Чи тэдэнд ингэж хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би амьд! Балгасуудад буй хүмүүс илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тасчуулахаар өгч, цайз ба агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно. 28 Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилын уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө. 29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрээс болж Би тэр газрыг эзгүйрэл балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»”
30 Хүний хүү чиний хувьд, хэрмийн дэргэд, гэрүүдийн үүдэнд чиний тухай ярилцаж, өөр зуураа ах дүүтэйгээ хэлэлцдэг танай нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” гэж хэлж байна. 31 Ард түмэн ирж байгаа мэт тэд чам руу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд аман дээрээ тааламжит юмсыг ярьдаг ч зүрх сэтгэл нь олз ашгийнхаа араас явдаг. 32 Харагтун, чи тэдний хувьд хөгжмийн зэмсгээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд үгийг чинь сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй. 33 Тиймээс тэр цаг биеллээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд эш үзүүлэгч байсныг тэд мэдэх болно гэв.
- 33:21 2Ха 25:3–10; Иер 39:2–8, 52:4–14