Ариун газар

45 1 Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой. 2 Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдаж, эргэн тойронд сул газар нь байхаар тавин тохой байх ёстой. 3 Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, ариунаас ариун газар байх болой. 4 Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгч тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүд байх газар буюу ариун газрын төлөөх ариун газар болох ёстой. 5 Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь сүмийн үйлчлэгч левичүүдэд, оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм. 6 Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилын хамаг гэрийн төлөө байна.
7 Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн баруун тал нь баруун зүгт, зүүн тал нь зүүн зүгт үргэлжилж, уртаараа хувиудын нэгтэй адил баруун хилээс зүүн хил хүртэл байх болой. 8 Энэ нь Израил дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү ноёд минь Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилын гэрт өгөх ёстой.»
9 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилын ноёд оо, хангалттай. Хүчирхийлэл, дарлалыг зайлуулж, шүүлт ба зөвт үйлсийг үйлд. Ард түмнээс минь алба гувчуур авахаа зогсоо» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Жин ба хэмжүүр

10 «Та нар зөв дэнс, зөв ефа, зөв баттай байх ёстой. * 11 Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа, бат хоёр адил хэмжээтэй байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой. 12 Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел болон арван таван шекел нь та нарын нэг маанэ байх болой.

Өргөлүүд

13 Өргөх өргөл чинь гэвээс буудайн омероос ефагийн зургааны нэг, арвайн омероос ефагийн зургааны нэг, 14 тосны хувь ноогдол нь (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн бат. (Кор нь арван бат эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү) 15 Израилын устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүлэл хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 16 «Нутгийн хамаг ард түмэн Израил дахь ноёнд энэ өргөлийг өгөх ёстой. 17 Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилын гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилын гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»

Баяр наадмууд

18 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар согоггүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэршүүлэх ёстой. 19 Тахилч нь нүглийн тахилаас хэсэг цусыг авч, түүнийг сүмийн хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөг ба дотоод хүрээний гулдан хаалганы хүрээнүүдэд нялах ёстой. 20 Төөрөлдсөн эсвэл гэнэн нэгний төлөө та нар уг сарын долоонд ингэж үйлдэх ёстой. Тийнхүү та нар сүмийн төлөө эвлэрүүлэл хийх болно.
21 Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.* 22 Тэр өдөр ноён өөрийгөө мөн нутгийн хамаг ард түмнийг нүглийн тахил бухаар хангах ёстой. 23 Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой. 24 Тэрээр бух бүрд нэг ефа, хуц бүрд нэг ефа идээн өргөл хангах ёстой бөгөөд ефа бүрд нэг хин тос байх ёстой. 25 Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил долоон хоног нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой.» *


  • 45:10 Лев 19:36
  • 45:21 Гэт 12:1–20; Тоо 28:16–25
  • 45:25 Лев 23:33–36; Тоо 29:12–38