Гогийн цэргийн сүйрэл

39 1 Хүний хүү чи, Гогийн эсрэг эш үзүүлэн өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноёнa болох Гог оо. Би чиний эсрэг байна. 2 Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилын уулсын эсрэг авчрах болно. 3 Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна. 4 Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилын уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө. 5 Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 6 «Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
7 Би ариун нэрээ Миний ард түмэн Израилын дунд мэдүүлэх болно. Ариун нэр минь дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилын Ариун Нэгэн, ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8 Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр нь Миний айлдсан нөгөө өдөр мөн. 9 Дараа нь Израилын хотуудын оршин суугчид гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай, халхавч, нум, сум, бороохой, жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно. 10 Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал ноцоох болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Гогийн оршуулга

11 «Тэр өдөр Би Израилын дотор оршуулгын газрыг Гогт өгөх болно. Тэр нь тэнгисийн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-Гогийн хөндий гэж нэрлэх болно. 12 Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилын гэр нь тэднийг булшилсаар байна. 13 Тэр нутгийн хамаг ард олон ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдэнд нэр алдрыг авчирна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 14 «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ. 15 Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь түүнийг Хамон-Гогийн хөндийд булшлагчид булах хүртэл нь түүний дэргэд тэмдэг босгох болно. 16 Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно.»
17 Хүний хүү чиний хувьд, Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Аливаа төрлийн шувууд, хээрийн аливаа араатанд хэлэгтүн. ‘Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилын уулсын дээрх асар их тахил болгон та нарын төлөө Миний өргөх гэж байгаа тахил руу тал бүрээс цуглар.* 18 Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуц, хурга, ухна, бух буюу бүгд Башаны таргалуулсан мал юм. 19 Тийнхүү та нарын төлөө Миний өргөсөн тахилаас та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно. 20 Та нар Миний ширээнд морьд, тэрэгчид, хүчит эрс болоод бүх дайчнаар цадна’» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Израил сэргэн босно

21 «Би үндэстнүүдийн дунд цог жавхлангаа илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг мөн тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно. 22 Тэр өдрөөс хойш Израилын гэр Намайг өөрсдийнхөө Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 23 Израилын гэр Надад хийсэн хилэнцийнхээ улмаас цөлөгдсөн гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднээс нүүрээ нуун, Би тэднийг дайснуудынх нь гарт өгч, тэд бүгд илдэнд унасан байсан билээ. 24 Бузар явдал, гэмт үйлдлийнх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, нүүрээ тэднээс нуусан.»
25 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилын хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно. 26 Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болоход ичгүүр гутамшгаа, Миний эсрэг хийсэн бүхий л харш юмсаа тэд мартах болно. 27 Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулаад, олон үндэстний нүдний өмнө тэднээр дамжуулан Би ариун гэдгээ мэдүүлэх болно. 28 Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулж, дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй. 29 Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилын гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.


  • a39:1 эсвэл Рош, Мешех, Тубалын ноён
  • 39:17–20 Илч 19:17–18