Хувхай яст хөндий

37 1 ЭЗЭНий мутар миний дээр ирж, намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн дунд буулгав. Тэнд дүүрэн яс байлаа. 2 Тэр намайг тэдний дээгүүр эргэн тойрон явууллаа. Харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан агаад тэдгээр нь бүр хувхайрсан байв. 3 Тэр надад
—Хүний хүү! Энэ яснууд амилах уу? хэмээсэнд би
—Эзэн БУРХАН, Та мэднэ гэв. 4 Тэгээд Тэр надад
—Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл. 5 Эзэн БУРХАН эдгээр ясанд ингэж айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар луу амьсгалыг оруулна. 6 Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж, Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв.
7 Тийнхүү тушаасан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байтал чимээ гарлаа. Харагтун, яснууд тачигналдах чимээ гарч, тэгээд яс ястайгаа нийлэв. 8 Намайг харахад, үзэгтүн, тэдэн дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэднийг арьс бүрхсэн ч дотор нь амьсгалa алга байв. 9 Тэгтэл Тэр надад айлдаж
—Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв. 10 Тийнхүү надад тушаасан ёсоор нь би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмжийн их цэрэг хөл дээрээ босоцгоов.*
11 Тэгээд тэр надад
—Хүний хүү! Энэ яснууд бол Израилын хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг. 12 Тиймээс чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Ард түмэн минь ээ! Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилын нутагт авчрах болно. 13 Ард түмэн минь ээ, тийнхүү Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргах үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 14 Би та нарын дотор Сүнсээ тавьж, та нар амилна. Би та нарыг нутагт чинь суулгах болно. ЭЗЭН Би ийнхүү хэлснээ хийснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”

Хоёр саваа

15 ЭЗЭНий үг надад дахин ирж
16 Хүний хүү! Нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда ба түүний хамтрагчид болох Израилын хөвгүүдэд” гэж бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “(Ефраимын саваа) Иосеф ба түүний хамтрагчид болох Израилын хамаг гэрт” гэж бич. 17 Тэгээд тэдгээрийг нэгийг нь нөгөөтэй нь нийлүүлэн нэг саваа болгохоор гартаа тэдгээрийг нийлүүлэн барь. 18 Ард түмний чинь хөвгүүд чамд “Чи үүгээр юуг хэлэх гэж байгаагаа бидэнд тайлбарлаж өгөхгүй юү?” гэж хэлэх үед 19 тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг мөн түүний хамтрагчид болох Израилын овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд мутарт минь нэг болно»” гэж хэл. 20 Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр гарт чинь байна. 21 Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилын хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авна. Тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна. 22 Би тэднийг тэр газарт, Израилын уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан бүгдийнх нь хаан байна. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй. 23 Тэд хойшид шүтээн, бузар зүйл, аливаа гэмт үйлдлээрээ өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний урвалтуудаас нь Би тэднийг аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд ард түмэн минь болж, Би Бурхан нь болно.
24 Миний зарц Давид тэдний хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд тогтоолуудаар минь явж, зарлигуудыг минь сахин үйлдэнэ.* 25 Зарц Иаковтаа Миний өгсөн нутагт буюу эцэг өвгөдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүд, хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд ноён нь болно. 26 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана. 27 Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.* 28 Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилыг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.


  • a37:8 эсвэл салхи эсвэл сүнс. Евр. “руах буюу сүнс, салхи, амьсгал” гэсэн утгатай үгийг энд хэрэглэсэн.
  • 37:10 Илч 11:11
  • 37:24 Езк 34:24
  • 37:27 2Ко 6:16; Илч 21:3