3 1 Тэгээд Тэр надад
—Хүний хүү, өмнөх юмаа ид. Наад хуйлмалыг идээд явж, Израилын гэрт мэдүүл гэв.* 2 Тиймээс би амаа ангайхад, Тэр надад тэр хуйлмалыг идүүлэв. 3 Тэр надад
—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмалыг ходоодондоо хийж, гэдсээ цатгагтун гэв. Тэгээд би түүнийг идсэнд тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв. 4 Тэгээд Тэр надад
—Хүний хүү, Израилын гэр лүү очиж үгээр минь тэдэнтэй ярь. 5 Чи, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй ард түмэн рүү илгээгдээгүй. Харин Израилын гэр лүү илгээгдэж байна. 6 Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн рүү илгээгдэж байгаа юм биш. Хэрэв Би чамайг тэдэн рүү илгээсэн бол тэд чамайг гарцаагүй сонсох байсан. 7 Гэсэн ч Израилын гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилын хамаг гэр зөрүүд, гөжүүд юм. 8 Харагтун, Би нүүрийг чинь тэдний нүүр адил хатуу болгон духыг чинь тэдний дух адил хатуу болгосон. 9 Би духыг чинь цахиураас ч хатуу, алмаас мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, өмнө нь бүү сүрд гэв. 10 Тэгээд Тэр надад
—Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, чихээрээ сонс. 11 Цөлөгдөгсөд рүү, ард түмнийхээ хөвгүүд рүү явж тэдэнд ярь. Тэд сонссон ч, эс сонссон ч “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж тэдэнд хэл гэв.

Езекиел, Хебар голын дэргэд

12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд миний ард
—ЭЗЭНий цог жавхлан Өөрийн газарт магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов. 13 Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биетүүдийн далавчны дууг, тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов. 14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв. 15 Тэгээд би Тел-Абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд рүү ирж, амьдран сууж байсан газарт нь, дунд нь долоо хоног цочирдож хөшсөн байдалтай суув.
16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
17 Хүний хүү, Би чамайг Израилын гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл. 18 Би буруут хүнд “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү гэм буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 19 Гэвч чи буруут хүнд сэрэмжлүүлсэн ч тэрээр гэм буруугаасаа, буруу замаасаа эргэхгүй аваас тэрээр хилэнц дотроо үхэх болно. Харин чи амиа аварсан билээ. 20 Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Түүний цусыг Би гараас чинь нэхнэ. 21 Харин чи зөвт нэгэнд, нүгэл үйлдэх ёсгүйг сэрэмжлүүлээд, тэр нь нүгэл эс үйлдэх аваас тэр хүн сэрэмжлүүлгийг авсан учир үнэхээр амьд үлдэнэ. Чи ч амиа аварсан гэв.

Езекиел тусгаарлагдан хэлгүй болов

22 Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байж, Тэр надад
—Бос, тал руу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв. 23 Тиймээс би босож, тал руу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав. 24 Тэгээд Сүнс над руу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь
—Явж, өөрийгөө гэртээ түгж. 25 Хүний хүү чиний хувьд, тэд чам дээр олс тавьж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи дундаас нь гарч явж чадахгүй болно. 26 Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд тэрслүү гэр юм. 27 Гэвч Би чамд айлдах үедээ амыг чинь нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд тэрслүү гэр юм.


  • 3:1–3 Илч 10:9–10