Сеир уулыг шүүх нь

35 1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж*
2 Хүний хүү, Сеир уулын эсрэг нүүрээ чиглүүлж, түүний эсрэг эш үзүүлэн 3 түүнд ингэж хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Сеир уул аа, харагтун,
Би чиний эсрэг байна.
Би чиний эсрэг мутраа сунгаж,
Чамайг эзгүйрүүлж хоосруулна.
4 Би хотуудыг чинь балгас болгож,
Чи эзгүйрэх болно.
Тэгээд чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

5 Чи эртнээс дайсагнал өвөрлөж байсан тул Израилын хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийнх нь цагт чи тэднийг илдний хүчинд тушаасан билээ.» 6 Иймээс «Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цусанд тушааж, цус чамайг мөрдөх болно. Чи цусыг үзэн ядаагүй болохоор цус чамайг мөшгөх болно. 7 Би Сеир уулыг эзгүйрүүлэн хоосруулж, түүгээр дайран өнгөрөгч болон буцагчдыг түүнээс таслах болно. 8 Би уулсыг нь тэдний үхдэлээр дүүргэнэ. Илдэнд алагдагсад чиний толгод, хөндий, бүх жалганд чинь унах болно. 9 Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
10 ЭЗЭН тэнд байсаар байхад чи ‘Энэ хоёр үндэстэн, энэ хоёр нутаг минийх болж, бид тэднийг эзэмшинэ’ гэж хэлсэн учраас 11 ‘Би амьд!’ гэж Эзэн БУРХАН тунхаглаад ‘Тэднийг үзэн ядсанаас болж чиний гаргасан уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно.’ 12 Чи Израилын уулсын эсрэг ‘Тэд хоосорч, бидний идэш болон өгөгдсөн’ гэж хэлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно. 13 Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв. 14 Эзэн БУРХАН ийн айлдахдаа «Бүх дэлхий баярлаж байхад Би чамайг эзгүйрүүлэх болно. 15 Израилын гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.


  • 35:1–15 Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5